Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэдэвсүрэн: Их, дээд сургуулиудыг эрэмбэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уншиж танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Ирэх жил Жижиг дунд үйлдвэрийн санд санхүүжилт тавиагүй гэж ойлголоо. Энэ санд эргэлтийн хэдэн төгрөг байгаа вэ. Ирэх жил хэдээр нь зээл олгож, хэдэн ажлын байр бий болгон гэж тооцож байна вэ. Отор нүүдэл хийж байгаа малчдын хөөж туухгүй байх асуудлыг шийдэж өгөөч. 40 мянган тонн мах гаргана гэсэн. Яаж бэлтгэх гэж байна вэ. 

Гэрэл зургийг mpa.mn

Г.Ёндон сайдаас Баялагийн сан хэзээ байгуулагдах гэдгийг асууя. Энэ санг яаж байгуулах вэ. Ирэх жил Баялагийн санд хэдэн төгрөг хуримтлуулахаар төлөвлөж байгаа юм. Алт цэвэршүүлэх үйлдвэр хэзээ байгуулагдах вэ.  

Боловсролын шинэчлэлийн хэрхэн хийх вэ гэдгийг салбарын сайдаас тодруулъя. Хоёрдугаарт, топ 10 сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг Сургалтын зээлийн сангаас зээлд хамруулна гэсэн. Топ 10 сургууль гэж ямар сургуулийг хэлээд байна. Яаж шалгаруулдаг юм. 
ЭЕШ-ийн босго оноо 800. Үүний 50 хувийг хангавал их, дээд сургуульд оруулдаг бодлого хэвээр яваад байх юм. 

Л.Халтар сайдаас босоо тэнхлэгийн төмөр замын ТЭЗҮ хэзээ хийгдэхийг асууя. 

Барилга хот байгуулалтын сайдаас ирэх онд хэдэн иргэн ипотекийн зээлд хамрагдаж, 150 мянган орон сууцнаас хэд нь ашиглалтад орохын асууя. Үүнээс хэд нь орон нутагт ашиглалтад орох вэ. 

Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Ирэх онд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвт тусгасан. Энэ 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлнэ. Шинээр мөнгө тавигдаагүй. 

Гэрэл зургийг MPA.mn

Энэ онд зээлийн санхүүжилтэд 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтөд 18 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Ирэх онд графикаар 36 тэрбум төгрөг төлөгдөх ёстой байгаа. Дээр нь зээлээ төлөхгүй хүмүүсийг шахаж нийт 50 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэдэг зорилготой байгаа. 

Засгийн газрын тогтоолоор отор нүүдлийн асуудлаар арга хэмжээ авч байгаа. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор Засаг дарга нар маань үүнд анхаарахгүй асуудал гарч байсан. Сонгууль дууссан учраас отор нүүдлийн асуудалд доод шатандаа анхаарах боломжтой болсон гэж харж байна. 

40 мянган тонн экспортлох асуудлын тухайд тусгай зөвшөөрөлтэй газруудад нь зөвшөөрлийг нь олгож байгаа. Эдгээр ААН-үүд арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд махаа бэлтгээд гаргана. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Баялгийн сангийн тухай хуулийг УУХҮЯ-наас УИХ-ын 2020 оны намрын чуулганы хуралдаанд өргөн барина. Энэ асуудал “Эрдэнэс Монгол” компани дээр төвлөрч байгаа. Урьдчилсан байдлаар энэ санд жилд нэг их наяд төгрөг төвлөрөх ёстой. Энэ мөнгө нь стратегийн орд болон төрийн өмчит уурхайнуудын АМНАТ болон төрийн өмчийн компаниудын ногдол ашгаас бүрдэнэ. 

Гэрэл зургийг mpa.mn

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн тухайд Казахстан улсад Монгол Улсын Ерөнхий сайд айлчлах үеэр байгуулагдсан гэрээ юм билээ. Өмнө нь УУХҮЯ Казахстан улсын талтай хамтарч ТЭЗҮ, зураг төсөл нь хийгдсэн байдаг. Энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрт Казахстаны төслийг үнэтэй гэсэн дүгнэлт хийсэн. Ижил төстэй буюу 25-30 тонн үнэт метал цэвэршүүлэх үйлдвэрүүд 40-50 сая ам.долларын үнэтэй байдаг бол Казахстаны үйлдвэрийн зөвхөн барьж байгуулах үнэ нь 80 орчим сая ам.доллар болж байгаа. 

Мөн Монголбанкны алт цэвэршүүлдэг ханштай харьцуулах юм бол энэ үйлдвэр ашиглалтад ороход урсгал зардал нь 10 дахин илүү байх тооцоо гарсан. Зөвхөн цэвэршүүлэлтийн зардал нь 1.5 ам.доллар. Өнөөдрийн байдлаар Монгобанк Щвейцарын компанид алтаа цэвэршүүлж байгаа. Үүнээс хямд байж болох төслийн судалгааны ажил хийгдэж байгаа. 

Зам тээврийн сайд Л.Халтар: Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гээд төсөвт орсон. Үүнийг багц болгоод Барилга, хот байгуулалтын яаманд өгөөд зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Ямар ч байсан 2021 онд ТЭЗҮ хийгээд, төсвөө гаргана. 

Гэрэл зургийг Mpa.mn

Хоёрдугаарт, аялал жуулчлалын чиглэлийн зам. Бид Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай ярьж байгаад нэг чиглэл барьж байгаа. Юу гэхээр жил жил жаахан төсөв тавиад дуусдаггүй ажлуудаа дуусгаж авъя гэж байгаа юм. Ингээд 2022 оноос том бүтээн байгуулалт руу оръё. 

Харин ирэх онд шинээр барих замуудын ТЭЗҮ-г дуусгая гэж байгаа юм. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:  2021 оны улсын төсөвт дөрвөн аймгийн найман суманд Шинэ сум барих төсөл хэрэгжинэ. Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Архангайн сумдад. Нийт 22 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжинэ. 

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар банкууд өөрсдийн эх үүсвэртэй 4,598 зээлдэгчид 330 тэрбум, ипотекийн 3,663 зээлдэгч 269 тэрбум нийт 8,261 зээлдэгч аваад байна. 

2021 онд Монголбанканд байгаа эх үүсвэр 300 гаруй тэрбум төгрөг байгаа. Үүнд 4,500 гаруй зээлдэгч хамрагдана гэж ойлгож байгаа. Түрээсийн орон сууцын тухайд Улаанбаатар хотод гадны тусламжаар ирэх дөрөвдүгээр сараас төслүүд хэрэгжүүлнэ. Яг өнөөдрийн байдлаар орон нутагт квот хуваарилаад байгаа зүйл байхгүй. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: Боловсролын салбарт хийх шинэчлэлийн гол агуулга нь чанарын асуудал. Ирэх дөрвөн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролын чанарт нэлээн ахиц гаргана. 2018 оноос хийж эхэлсэн хөндлөнгийн үнэлгээгээр ЕБС-ийн чанар хангалттай хэмжээнд хүрээгүй. Түүврийн аргаар хийсэн судалгаагаар ЕБС-ийн сургалтын чанар 40 гаруй хувьтай байна. Бид 60 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. 

Топ 10 сургуулийн тухайд 2018 онд Шинжлэх ухаан технологийн сангийн хөрөнгөөр 90 сая төгрөгийн төсөвтэйгээр судалгааны баг Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг эрэмблэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийг бид хүлээж аваад эхнээсээ ажиллаад явж байна. Уг шалгуурын дагуу сургуулиудыг эрэмбэлэх ажлыг хийнэ. Үүнтэй зэрэгцүүлээд Судалгааны сургуулийн эрхзүйн байдлын тухай хуулийг Их хурлаар батална. 

ЭЕШ-ийн тухайд улсын сургууль 480, хувийнх 420 босго оноотой байгааг өөрчилнө.