Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баяндүүрэн: Аймаг нийслэл, сум дүүргийн сонгууль 16.5 тэрбум төгрөгт багтаж явагдана

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 10 сарын 14
www.ikon.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 Шилжилт хөдөлгөөн дундаж түвшинд байна

 

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Д.Дэлгэрсайхан "Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслээд сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг. Нэг хаяг дээр олон хүний нэр байх асуудал гарч ирчдэг. 

 Шилжилт хөдөлгөөн өмнөх сонгуультай харьцуулахад дундаж түвшинд байна. Улсын бүртгэлийн байгууллага 5 бүлэг ажил дээр төвлөрч ажиллалаа. 10 дугаар сарын 14-ний байдлаар 2148 хэсгүүдэд сонгогчдын нэрсийн жагсаалт бүхий хүснэгтийг хүргүүллээ.

Нийслэлд нэг сая дөрвөн мянга хоёр зуун тавин зургаан сонгогч саналаа өгнө. Өмнөх 8 удаагийн сонгуульд автоматжуулсан систем хэрэглэсэн. Аль ч сонгогч сонгогчийн нэрийн жагсаалттай танилцаж болно. Нэр давхцах, нэг хаяг дээр олон хүн байх зэрэг асуудлыг нотлох баримтаар баталгаажуулж шалгаж болно. Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах бололцоог хуулиар бүрэн хангасан. Хаягийг цэгцлэх асуудалтай холбоотойгоор УБЕГ-аас уриалга гаргасан. Иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслээд сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг. Шилжилт хөдөлгөөнийг эх нотлох баримт дээр үндэслэж хийдэг" гэв. 

Санал тоолох төхөөрөмж найдвартай

 

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Аймаг нийслэл, сум дүүргийн сонгууль 16.5 тэрбум төгрөгт багтаж явагдана. Санал тоолох төхөөрөмжийн найдвартай байдлын асуудлаар зарим нэг нам эвслээс гомдол ирүүлсэн.  Өчигдөр СЕХ-ноос туршилтын сонгууль явууллаа. Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүй. Энэ талаарх асуудлыг өчигдөр шууд нэвтрүүлгээр харуулсан.

Зөөврийн саналын хайрцгаар 4 субъектын саналыг авна. Хугацаат цэргийн албан хаагчдаас санал авч байна гэсэн гомдол гарч байсан. Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирсэн. Бид үүнийг шалгаад шийдвэрлэсэн" гэлээ.

Улс төрийн эрх эрх чөлөөтэй холбоотой 207 гомдол мэдээлэл ирсэн

 

ЦЕГ-ны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад хүний улс төрийн эрх эрх чөлөөтэй холбоотой 207 гомдол мэдээлэл ирсэн. Хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг 2, нэр дэвшигчийн нэр төртэй холбоотой 62 гомдол ирсэн. Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт өгсөн зөрчлийн шинжтэй 7 гомдол ирлээ. Санал тоолох машинтай холбоотой асуудлыг ТЕГ болон цагдаагийн байгууллага хамтран шалгаж байгаа" гэлээ.   

Энэ удаагийн мэдээлэлд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон Ажлын албаныхан, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын НХЖ.ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат нар оролцлоо. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/261180361925846/