Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянзүрх дүүрэгт зүүн эргэхийн тулд замын хоёр талын хөдөлгөөнийг зогсоож байгаа тул гурван байршилд эргэж буцах гарцыг хаасан"

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж,  нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна.

Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1.5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна.

Богино зайнд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газарт хандаж, дээрх авто замын 3 байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ.

Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож авто замын зохиомол түгжрэлийг үүсгэж буй учраас ийнхүү гурван байршилд эргэж буцах гарцыг хаасан хэмээн Баянзүрх дүүргийн Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Д.Сүхбат тайлбар өглөө.

Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон

“Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж маань нарийнхан учраас буцаж эргэх хөдөлгөөн бүрт авто замын түгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаасан байгаа” хэмээн Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Өнөржаргал хэллээ.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс