Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн үндэсний намын нэрээр хуурамч тамга ашиглаж байсныг ТЕГ-аас тогтоожээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн сонгуулийн хороонд Хөдөлмөрийн үндэсний намын нэрээр хоёр баримт бичиг хүргүүлэн орон нутгийн сонгууль оролцох хүсэлт гаргасан. Улмаар Захиргааны хэргийн шүүхээс тус намыг сонгуульд оролцуулахыг баталгаажуулсан Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэлийг түдгэлзүүлэх захирамж гаргасан билээ. 

Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр нарын ашиглаж буй тамга тэмдэг Улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, ХҮН-ын нэрээр хуурамч тамга тэмдэг ашиглаж байсныг тагнуулын байгууллага шалгаж тогтоожээ. 

Энэ талаар тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудаст бичсэн байна. Тэрбээр "Хөдөлмөрийн Үндэсний Намыг дэмжигч 200.0 мянга гаруй сонгогч нартаа сайхан мэдээ хүргэе. Миний бие ТЕГ-т гурван долоо хоногийн өмнө хүсэлт уламжилж өнөөдөр хариу авлаа. Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо. Манай төрийн албанд шударгаар ажиллаж байгаа ажилтнууд байгаад баяртай байна. Монголын хууль, шүүхийн байгууллагад захиалгаар, хуумгай шийдвэр гаргадаг шүүгч олон биш байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна. Энэ чиглэлээр шинэчлэлийг хийхэд тууштай анхаарч ажиллана" гэжээ. 

ХҮН-д харьяалалгүй хүмүүс хуурамч тамга ашиглаж байсныг тогтоосон хэдий ч Захиргааны хэргийн шүүхээс шүүгчийн захирамжаа цуцлахгүй бол тус нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй юм.   

 

 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв