Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп вирусийн халдвар авсан ч Майк Помпео айлчлалаа үргэлжлүүлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар коронавирусийн халдвар авсан тухай мэдээ өчигдөр дэлхий дахиныг цочроосон билээ.

Тус улсын гадаад бодлогын тэргүүн Майк Помпео ирэх долоо хоногт Азийн орнуудад, тэр дотроо Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа.

Өчигдөр Италийн нийслэл Ром хотоос Хорватын Дубровник хот руу нисэхээсээ өмнө Помпео сэтгүүлчидтэй уулзахдаа Трампын эрүүл мэндээс шалтгаалан Азийн орнуудаар хийх айлчлалаа цуцалж болзошгүй тухай мэдэгдэж байжээ.

Харин сүүлд Хорватаас Вашингтон руу буцахдаа айлчлал төлөвлөгөөний дагуу хэрэгжихээр болсныг хэлсэн байна. Тэрбээр гэргий Сюзаны хамт коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд Хорватад газардахаас 20 минутын өмнө хариу нь сөрөг гарсныг мэдэгджээ.

Помпео хамгийн сүүлд есдүгээр сарын 15-нд Дональд Трамптай биечлэн уулзсан гэнэ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ням гарагт Ази тивд хийх айчлалаа эхлэх юм. Тэр Япон, Монгол, Өмнөд Солонгос улсуудад айлчлахаар төлөвлөжээ.

Төрийн департментын Зүүн Ази, Номхон Далайн хэргийг хариуцсан хорооны дэд нарийн бичгийн дарга Дэвид Стилвэл өчигдөр орой хэвлэлд ярихдаа Майк Помпео анх удаа Монгол улсад айлчлах гэж байгааг баталсан байна.

Тэрбээр АНУ нь Монгол улсын ардчилал, хүний эрхийг хамгаалахад гаргаж буй хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, дэмждэгийг илэрхийлээд “Монголын ардчилал бол бүс нутгийнхаа үлгэр жишээ юм” гэж онцолжээ. Стилвэл бас Америк-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байгааг энэ үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: StraitsTimes, Voice of America