Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын Пап лам АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай уулзахаас татгалзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Итали улсад айлчилж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Ромын Пап ламыг уулзуулахгүй гэдгээ Ватиканы засаг захиргаа өчигдөр мэдэгджээ.

Хятад дахь католик шашинтнуудын асуудлаар Ватикан, АНУ хоёрын хооронд маргаан зөрчил үүссэн нь үүнд нөлөөлсөн байна.

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа энэ үед уг асуудлыг улстөржүүлэхийг хүсэхгүй байгаагаас Помпеотой уулзахаас татгалзсаныг Ватикан мэдээлжээ.

2018 онд Ромын Пап лам Хятад дахь католик сүм хийдүүдийн тэргүүнүүдийг томилох асуудлаар Бээжингийн эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн юм. Харин Трампын засаг захиргаа үүнийг нь шүүмжилж, шашин шүтэх эрх чөлөөг хааж боодог коммунист дэглэмтэй гэрээ байгуулсан хэмээн Пап ламыг буруутгаж байгаа.

Хятадын засгийн газартай байгуулсан гэрээгээ Ватикан ирэх сард шинэчлэх юм. Өчигдөр Ром хотод болсон арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ Помпео хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах үүднээс Хятадын засгийн газартай гэрээгээ сунгахгүй байхыг Ватиканд уриалжээ.

Харин Ватиканы эрх баригчид Помпеогийн мэдэгдэл нь ирэх сонгуулиар Америкийн католик шашинтнуудын саналыг авах гэсэн Дональд Трампын бодлого гэж үзэж байна.

Ватиканы гадаад бодлогын тэргүүн, кардинал Петро Паролин “Пап лам сонгуулийн үеэр улс төрчидтэй уулзахаас татгалзсан. Үүнээс өөр шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдээд тус хот улсын Хятадын засгийн газартай байгуулсан гэрээнд АНУ ямар ч хамаагүйг хэлжээ.

 

Эх сурвалж: BBC