ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлыг үл ажран бидэнтэй айлсах хотын шувууд

Т.Батсайхан, Зууны мэдээ
2013 оны 12 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
“Шувуудын амьдрах орчинд бид анхаарахгүй бол тэдний ирээдүй бүрхэг байна. Жилийн жилд зүйлийн болон бодгалийн тоо нь цөөрч байгаа. Хотын үзэсгэлэнтэй шувууд маань амьдрах орчны хомсдолд орж байгаа нь тун харамсалтай”

Манай хотод бидэнтэй айлсан 200 гаруй төрлийн шувуу амьдарч байна. Бор шувуу, тагтаа, элээ, хэрээ зэрэгтэй хааяа тааралддаг ч бусдыг нь тэр бүр анзаараад байдаггүй.

Тиймээс хотын чимээ шуугиан, хорт утааг үл ажран бидэнтэй айлсан амьдарч буй шувуудын тухай доктор Н.Цэвээнмядагтай ярилцсан юм.

Бор шувуу, ятуу, хүтүү, хэрээний төрөл, хөхөвөр тагтаа, хадны тагтаа, тоншуул, нугас, хар хун, ингэт бялзуухай гээд нэрлэж болох юм. Эдгээр шувуу хамгийн ихээр байдаг газар нь Нийслэлийн цэвэрлэх байгууламж буюу Ногоон нуур.

Тэрээр “Хүн байгаль дэлхий, мод ургамал, амьтан, шувуудтайгаа харилцан уялдаатай амьдардаг. Тэр бүхнээс амьдрах эрч хүч, биесээ хайрлах сэтгэлийг олж авдаг. Хүнд хэрэггүй амьтан, ургамал нэгээхэн ч байдаггүй” хэмээн яриагаа эхлүүллээ.

Ногоон нуур хамгийн их шувуутай

Улаанбаатар хот Богдхан уулын нөмөр, Туул, Сэлбэ голын урсац бүхий газар байдаг учраас олон янзын шувуу ирж нутагших нь элбэг гэнэ. 200 гаруй төрлийн шувуу хотод байдаг гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.

Бор шувуу, ятуу, хүтүү, хэрээний төрөл, хөхөвөр тагтаа, хадны тагтаа, тоншуул, нугас, хар хун, ингэт бялзуухай гээд нэрлэж болох юм. Эдгээр шувуу хамгийн ихээр байдаг газар нь Нийслэлийн цэвэрлэх байгууламж буюу Ногоон нуур гэлээ. Дээр үед Өмхий нуур гэдэг нэртэй байсан энэ газар одоо шувуу судлаачдын хамгийн их очдог газар болжээ.

Өмнө нь судлаачид Туул голын шугуй, Засгийн газрын ордны цэцэрлэгт хүрээлэнд ажиглалт хийдэг байсан ч одоо боломжгүй болж, “Ногоон нуур” гэсэн ганцхан сонголттой үлдсэн юм. Хүн байх аргагүй “анхилуун” үнэртэй ч гэлээ өвөл ус нь хөлддөггүй, байнгын ажиллагаатай, харьцангуй дулаан учраас шувууд ийн нутагших болсон гэлээ.

Одоо тэнд 300-500 орчим ангир, зэрлэг болон усны нугас, хар хун өвөлжиж байна. Өмхий үнэртэй, бохир нуур шувуудын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуухад “Шувуудын амьдрах орчинд бид анхаарахгүй бол тэдний ирээдүй бүрхэг байна. Жилийн жилд зүйлийн болон бодгалийн тоо нь цөөрч байгаа. Хотын үзэсгэлэнтэй шувууд маань амьдрах орчны хомсдолд орж байгаа нь тун харамсалтай” хэмээлээ. Уг нь дэлхийн ихэнх орон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн, ховор сонин шувуудаар нийслэлээ чимдэг. 

Ногоон байгууламж нь үзэсгэлэнтэй, дууч, хүний сэтгэл сэргээсэн шувуудыг цуглуулдаг юм. Улаанбаатарт 1981-1990 оны дунд үе хүртэл залуу байгальчдын станц, хүүхдийн парк, Туулын шугуй, Зайсан толгойн цэцэрлэг, Оросын цэргийн ангиудын ногоон байгууламж гээд олон цэцэрлэгт хүрээлэн төглүүд байлаа.

Харин одоо байгаа модод нь хөгширч, цэцэрлэгт хүрээлэн багасахын хэрээр шувуудын тоо цөөрч байгаа хэмээж байв. Гэхдээ шувуу сайн мэддэг хүн хот орчимд далайн эргээс ч олж хараагүй шувууг үзэж чадна гэв. Дагуурын ятуу, уран шувуу, хөх бух зэрэг шувуу ч цөөн тоогоор бий аж.

Шувууд хотод ашигтай юу

Аливаа зүйл хоёр талтай. Улаанбаатарт сүүлийн хэдэн жил элээ, хэрээ хэт олширчээ. Туулын бургас, Богд-Уул, Гурилын комбинат, махкомбинат зэрэг газар байгааг тоолоход нийт 800-900 элээ байж. Харин нэг шөнө Улаанбаатарт 4000 орчим хэрээ хонож байгаа гэсэн судалгаа бий.

Эдгээр шувуу хог хаягдлаар хооллодог. Тэгэхээр манай хот хог хаягдал их, экологийн эвдрэлтэй байна гэдгийг нөгөө талаасаа харуулж байгаа юм.

Сайн ажиглавал орой нар шингэхтэй зэрэгцэн хотын баруун урд зүгээс хэрээний сүрэг ирдэг байна. Тэд нийслэлийн аль өндөр гэсэн модон дээр үүрээ засан хоноглодог гэлээ. Нийслэл дуу чимээ, агаарын бохирдол ихтэй ч гэлээ дулаахан нөмөртэй, хоол хүнс ч элбэг болохоор тэд ийн ирдэг.

Ер нь Улаанбаатарт амьдрах чадвар сайтай шувууд өвөлждөг талаар эрдэмтэн өгүүлж байв. Элээ хэрээний төрлийн шувууд аливаад тэсвэртэй, элдэв идэштэн гэж нэрлэгддэг. Учир нь тэр мах, ногоо, үр, үндэс гээд юугаар л бол юугаар өл залгуулчихдаг юм.

Гэхдээ эрдэмтэд элээ хэрээний төрлийн шувууг хотын ойр орчмоос дайжуулах шаардлагатай гэж байв. Учир нь хог хаягдал ихсэж, зарим төрлийн өвчин тараах, сангас нь байшингийн дээвэрт хуримтлагдснаас даацанд нөлөөлөх зэрэг сөрөг талтай юм. Тэгэхээр тэднийг хүчээр хотоос хөөж гаргах бус хотод амьдрах орчин, идэш тэжээлийг нь бий болгохгүй байхад тэд аяндаа гарна гэлээ.

Хот хэрхэн үзэсгэлэнт шувуудтай болох вэ

Манай хотод улиас мод олноороо байдаг. Түүн дээр цөөхөн шувуу үүрлэдэг байна. Мөн хавартаа үр их хаяж, намар хог ихтэй, хотод тохиромжгүй мод юм. Түүний оронд монголын унаган ургамал хайлаас тарих хэрэгтэй юм.

Хөх бух, хөхөвөр тагтаа, ятуу, хүтүү зэрэг олон үзэсгэлэнт дууч шувууд хайлаасийн үрийг иддэг. Мөн жимсний бутууд, өрөл, мойл, долоогоно, нохойн хошуу их бол жимсээр нь хооллодог гоё шувууд татагдах учиртай. Одоогоор нийслэлийн цэцэрлэгүүдийн жимсний мод хөгширч, цэцэглэхгүй болсон, жимсийг нь түүгээд, эсвэл хугачаад сүйтгэчихдэг. Уг нь жимст ургамалаар хооллодог шувууд хавартаа хотыг хортон шавьжнаас цэвэрлэж бидэнд тус болдог.

Дэлхийн хөгжилтэй хотууд гоё шувуудаар хотоо чимж, тэднийгээ харан баясаж, дууг нь сонсож сэтгэлийн баясал эдэлдэг. Манай нийслэл ч энэ тал дээр анхаарч, иргэдээ байгаль дэлхийтэйгээ ойрхон амьдрахад нь туслах хэрэгтэй гэлээ. Үүний тулд хотод задгай усан цөөрөм, зэгс, ургамалтай газар байгуулах шаардлагатай юм.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг