Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд саятнууд, продюсер нь тэрбумтан болох гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд алдаршаад байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани тус улсын хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар болжээ.

Тус компани Даваа гарагт хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна. Энэхүү баримтаас харвал Big Hit Entertainment өөрийгөө 4.8 их наяд воноор ($4.1 тэрбум) үнэлж, 962.55 сая воны ($822 сая) хөрөнгө босгохоор төлөвлөжээ.

2017 оны долдугаар сараас хойш Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд ийм том IPO гараагүйг эх сурвалжууд баталж байна.

Big Hit Entertainment компанийг хөгжмийн продюсер Бан Си Хюк удирддаг бөгөөд тэр 2013 онд BTS хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Бан одоо компанийнхаа 43 хувийг эзэмшдэг. Тэр бас энэ оны наймдугаар сард BTS хамтлагийн гишүүн тус бүрд компанийнхаа 68,385 ширхэг хувьцааг бэлэглэж байжээ.

Аравдугаар сарын 15-нд Big Hit Entertainment-ийн хувьцаа анхдагч зах зээлд арилжаалагдаж эхлэх бөгөөд ингэснээр Бан Си Хюк тэрбумтан болж, BTS хамтлагийн гишүүд саятнууд болох гэнэ.

Тодруулбал BTS-ийн долоон гишүүн тус бүр $7.9 саяын хөрөнгөтэй болох тооцоо гарсан байна.

BTS хамтлаг нь Өрнөдийн хөгжмийн зах зээлд нэвтэрч чадсан цөөхөн K-pop уран бүтээлчдийн нэг болоод байгаа. Өнгөрсөн онд BTS-ийн гурван цомог Billboard 200 жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нь сүүлийн 50 жилийн хугацаанд The Beatles, The Monkees хамтлагуудаас гадна гурав дахь тохиолдол болжээ.

2019 онд Big Hit Entertainment компани 587.2 тэрбум воны ($500 сая) орлого олсноос 98.7 тэрбум вон ($84 сая) нь цэвэр ашиг болсон байна.

Энэ орлогын 97 хувийг BTS хамтлаг оруулжээ. Big Hit Entertainment нь BTS хамтлагтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээтэй юм.

 

Эх сурвалж: CNN