Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн цар тахал Британийн хатан хааны орлогыг $45 саяар бууруулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ойрын жилүүдэд Их Британийн хатан хаан болон түүний гэр бүлийн төсвөөс $45 сая орчим дутахаар байгаа нь энэ онд дэгдсэн коронавирусийн цар тахлын нөлөө болохыг Букингэмийн ордны санхүүч Баасан гарагт мэдээлжээ.

Үүнд хатан хааны ордныг үзэхээр ирдэг жуулчдаас олох орлого ирэх гурван жилийн хугацаанд $19 саяар буурахаар байгаа нь хамгийн том хохирол болсон байна.

Мөн хатан хааны бусад төрлийн орлогууд ирэх 10 жилийн хугацаанд буурсны улмаас Букингэмийн ордны их засварт зарцуулахаар төлөвлөсөн мөнгөнөөс $25.4 сая орчим дутахаар байгааг мэдээлжээ.

Букингэмийн ордныг дэлхийн хоёрдугаар дайны дараа хамгийн сүүлд их завсарт оруулж байсан юм. Харин энэ удаагийн засварыг хойшлуулбал нурах аюул нүүрлээд байгаа гэнэ.

Хэдийгээр ийм санхүүгийн хүндрэл нүүрлээд байгаа ч ордны захиргаа Британийн засгийн газраас мөнгө гуйлгүй, зардлаа бууруулах замаар асуудлаа шийдэх төлөвлөгөөтэй байгааг ордны санхүүч Майкл Стивенс мэдэгджээ.

Букингэмийн ордон ажилтнуудынхаа цалинг бууруулах, шинэ боловсон хүчин нэмэхээ зогсоох зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа гэнэ.

Гуравдугаар сард дууссан санхүүгийн нэг жилийн хугацаанд хатан хааны зардалд Британийн засгийн газар $88.2 сая орчмыг хуваарилжээ. Энэ нь өмнөх санхүүгийн жилийн төсвөөс $3.1 саяар нэмэгдсэн үр дүн юм байна.

Хатан хааны ач хүү Харри гэр бүлийнхээ хамт энэ оны эхээр язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрах шийдвэр гаргасан билээ. Тэд одоо АНУ-ын Калифорнид амьдарч байгаа ба өөрсдийнх нь амьдрах ордны засварт Британийн татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан зардлыг буцааж төлсөн тухай мэдээ саяхан тарж байв.

Уиндсорын шилтгээн дэх тэдний орон байрыг тохижуулахад $3.1 саяыг заруулсан гэсэн баримт бий. Харригийн гэр бүл яг хэр хэмжээний мөнгө буцааж төлсөн нь энэ санхүүгийн жилийн төгсгөлд гарах тайланд тодорхой харагдах юм байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
13 | 18 | 18 цаг