Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хакерууд Беларусийн цагдаагийн 1,000 офицерын хувийн мэдээллийг ил болгожээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн дараах иргэдийн тэмцлийг нухчин дарж буй Лукашенкогийн дэглэмээс өшөөгөө авах зорилгоор Беларусийн цагдаагийн 1,000 офицерын хувийн мэдээллийг хэсэг хакерууд ил болгожээ.

“Баривчилгаа үргэлжлэх тусам бид их хэмжээний мэдээллийг ил болгосоор байх болно. Нүүрэндээ баг зүүгээд ч нэмэр болохгүй” гэж нэрээ нууцалсан хакерууд сошиал сүлжээгээр мэдэгдсэн байна. Цагдаа нарын дэлгэрэнгүй мэдээлэл Бямба гарагийн оройноос интернэтэд тарж эхэлжээ.

Беларусийн засгийн газар мэдээлэл хулгайлж тараасан этгээдийг олж, хариуцлага хүлээлгэхээ амласан байна.

Ням гарагт Минск хотод хэдэн арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Бямба гарагт цагдаа нар жагсаалд оролцсон 390 орчим эмэгтэйг баривчилсныг иргэд эсэргүүцсэн юм. Баривчлагдсан эмэгтэйчүүдийн ихэнх нь сүүлд суллагджээ.

Наймдугаар сарын эхээр болсон сонгуулийн дараа Беларусийн том хотуудад иргэдийн эсэргүүцлийн жагсаал зогсохгүй байгаа. Нүүрэндээ баг зүүсэн цагдаа, хууль сахиулагчид жагсаалыг хүчээр тарааж, мянга мянган хүнийг баривчлаад байна. Сүүлийн үед жагсагчид цагдаа нарын нүүрний багийг хуулж, царайг нь ил гаргах тэмцлийн арга хэрэглэх болжээ.

Лукашенкогийн дэглэмийн эсрэг шинэ хориг зарлахаар бэлдэж буй Европын Холбооны улсуудын гадаад хэргийн сайд нар сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановскаяг хүлээж авч уулзахаар болсон тухай мэдээ Бямба гарагт цацагдсан юм.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова үүнийг шүүмжилж, Брюсселийн эрх баригчид “Беларусийн нөхцөл байдлыг улам дордуулахыг хичээж байна” хэмээн буруутгажээ.

 

Эх сурвалж: AFP