Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургууль баригдана

A.Жаргал
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Намрын тэргүүн сарын цагаан бич өдөр буюу энэ сарын  сарын 13-нд  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай Ерөнхий боловсролын сургуулийн шинэ байрны шав тавих ёслол боллоо.

Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Тамживын Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг Бямбаагийн Нямтайшир түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж өгөхөөр болсон байна.

Хичээлийн шинэ байрны барилгын ажлыг “Хос Фрейндс” компани гүйцэтгэх бөгөөд ирэх онд ашиглалтад оруулан, улсад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

 

Барилгын шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн Дарга Б.Нямтайшир болон тус сумын хөдөлмөрчдийн төлөөлөгчид, сургуулийн үе үеийн төгсөгчид, сургуулийн хамт олон бусад төлөөлөл оролцжээ.

Хичээлийн шинэ байртай болсноор багш, сурагчдын суралцах, ажиллах орчин улам сайжирч, эрүүл, аюулгүй таатай нөхцөл бүрдэхийг сургуулийн хамт олон илэрхийлж байлаа.

Төр, нийгмийн зүтгэлтэн Т.Бямбаа нь Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг юм. Энэ онд 100 жилийнх нь ой тохиож байгаа Т.Бямбаа нь Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Монгол Улсын Их Сургууль, Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академийг дүүргэсэн. Тэрээр ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж, МАХН-ын Төв Хорооны болон Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.

 

1927 онд байгуулагдсан Ерөө сумын ЕБС-аас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Дашзэвэг, Төрийн шагналт, эрдэмтэн Ц.Тойвгоо, Р.Жавзмаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Цэрэндулам, Д.Дашзэвэг, доктор Т.Бямбаа, Ж.Шагж зэрэг 20 гаруй эрдэмтэн, гавьяат зүтгэлтэн  төрөн гарсан байна.

Шав тавих ёслолын ажиллагааны үеэр Б.Нямтайшир аавынх нь нэрэмжит болгосон Сэлэнгэ аймгийн ИТХ, нийт иргэд, түүний дотор Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн болон Ерөө сумын нутгийн зөвлөлийнхөнд, мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат, ХАА-н ухааны доктор Лхагвасүрэнгийн Баяртулга нарт гүн талархлаа илэрхийллээ.

Хичээлийн жилийн нээлт, шав тавих ёслолыг угтаж тус сургуулийн сурагчдын дунд зарласан эссэ бичлэг, гар урлал, хөдөлгөөнт дасгалын уралдааныг дүгнэж 120 гаруй хүүхэд багачуудыг зөөврийн компьютер, ухаалаг утас, олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхийн бичиг, дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

 “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдах  Ерөө сумын 420 хүүхдийн багтаамж бүхий сургууль, 960 хүүхдийн хүчин чадалтай болсноор хүрэлцээ хангамж сайжирч, нэг ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм.

Монгол улсын  ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах их үйлсэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж  буй “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.