Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Яндангаа хөөлье" аяны үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хамтран оролцоно

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилготой "Яндангаа хөөлье" аяны талаар цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Яндангаа хөөлье" аяныг 2020 оны есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаад улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан "Аяны хүрээнд ЦЕГ-ын дэд даргаар батлуулсан удирдамж, төлөвлөгөө гарч, бид ажлаа эхлүүлээд явж байна.

Угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, хувь хүн өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийнд хордох, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч байна. Ханан пийшин эвдэрсэн, засвартай, зуух яндангийн холбоос завсартай, яндан хөө тортогтой, үнс дүүрсэн, яндан нь намхан, сойлт хаасан гэх мэт шалтгаанууд тогтоогддог.

Угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахын тулд бид нэгдэж нийлж ажиллах ёстой. Тиймээс нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн албадууд, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүд энэ үйл ажиллагаанд хамтран оролцоно. Айл өрх бүрд хүрч санамж, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор бид энэ арга хэмжээнд оролцох юм" хэмээн ярилаа.