12 дугаар сарын хоёрны өдөр Баку хотноо биет бус соёлын өвийн жагсаалтад улс орнуудын соёлыг нэмэх ЮНЕСКО-ийн бага хурал эхлэжээ. Энэ жил солонгос кимчи, Японы зоог, Германы шар айрагны тухай хууль, турк кофе гээд олон төрлийн хүнс биет бус өвд бүртгүүлэхээр хүлээж байгаа юм. Хурлаас эдгээрийн чухам аль нь биет бус өвд бүртгэгдэхийг таашгүй, харин “Лента.ру” цахим хуудас ЮНЕСКО-ийн биет бус өвийн жагсаалтанд багтсан хоолнуудыг судлаж, ямар хоол амтат идээ хүн төрөлхтний ололт болсон гэдгийг сонирхжээ.
ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн жагсаалт 2008 оноос эхлэн нэмэгдэж байгаа бөгөөд хөгжим, бүжиг, гар урлал, мэдлэг, зан заншил, баяр, уламжлал болон янз бүрийн ард түмэн, соёлын бусад үнэт зүйлс багтдаг юм. Тиймээс биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэхийн тулд ихэвчлэн ганцхан нэр төрлийн хоол биш /гэхдээ НҮБ-ын жагсаалтанд Хорватын бин багтсан байдаг/ харин хоол хүнстэй холбоотой зан заншил, дэг, хэрэглэх философийн цогцыг бүртгэдэг аж.
Жил бүр улс орнууд, тодруулбал яамдууд эх орныхоо соёлын аливаа үзэгдлийг биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэх хүсэлтээ ЮНЕСКО-д гаргадаг. Дараа нь ЮНЕСКО тусгай хуралдаан зарлаж, хэдэн өдөр хуралдсаны дараа “нэр дэвшигчдээс” аль нь дэлхийн хэмжээний уламжлал хэмээн хүлээн зөвшөөрөгдөж жагсаалтанд албан ёсоор багтах болсныг зарлана. Харин 2010 он хүнсчдийн хувьд азтай одтой жил байсан гэхэд болно, энэ онд хэд хэдэн үндэстний хоолны уламжлал биет бус өвд бүртгэгдэж байлаа.
Тухайлбал мексик хоол “ялагчдын” тоонд багтаж байв. Мексик хоол хүнс гэж чухам юуг хэлэх вэ гэдгийг хүсэлт гаргагчид гайгүй сайн тодорхойлсон байлаа. Тэдний өгүүлснээр үндэстний хоол хүнс гэдэг нь буррито, тортилья гэсэн дан ганц хоол биш харин бүтээгдэхүүн боловсруулах, бэлтгэх аргуудын цогц хэмээжээ. Мексик хоолыг бэлдэхэд халуун чулуу, чулууны суурь, амтлагч, өвс ногоо гээд олон найрлага хэрэгтэй байдаг гэж онцолсон байна.
Мэдээж мексик хоолыг халуун чинжүү, улаан лооль, авокадо, ваниль, какао, жимс ногооны хатаамлуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нарийн жор, арга технологоор боловсруулдаг мексик хоолны онцлох шинж болох уламжлал, жорууд нь үндэстний хөгжил, бүс нутаг хоорондын харилцаа бэхжиж, ард түмэн өөр хоорондоо ойртон нөхөрлөх нөхцөл бололцоог бий болгохын дээр тухайн нийгмийн соёлын онцлогийг харуулдаг хэмээн ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийн мэдэгджээ. Мөн л энэ зарчмаар францын баярын ширээ жагсаалтанд багтжээ.
Хурим найр, төрсөн өдөр, насны ой болон гэр бүлийн бусад баяр ёслолын үеэр францчууд өнөр өтгөн бүлээрээ цуглан баярын ширээ бэлддэг. Баярын ширээнд хоол зууш, уух зүйлсийг нарийн дараалал, дэгтэйгээр өгдөг. Түүнчлэн нутгийн бүтээгдэхүүнүүд тэр дундаа амттаны өмнө өгдөг бяслагыг нилээд эрхэмлэж үздэг юм байна. Баярын ширээний ард тухласан зочид хоолнуудаас амсаж үзэн, хоол зууш, дарс ундаа ямар амттай байсан талаар хоорондоо сэтгэгдлээ хуваалцан халуун яриа өрнүүлэн, гэр бүлийн гишүүд амьдралынхаа хамгийн чухал мөчүүдийг хамтдаа өнгөрүүлдэг аж. Францчуудын амьдралын хэв маягийн уламжлалт нэг хэсэгт анхаарлаа хандуулсан ЮНЕСКО энэ бүх бичигдээгүй хуулийг ахмад үеийнхэн нандигнан хадгалаад зогсохгүй хойч үедээ өвлүүлж байгаа нь ихээхэн чухал хэмээн онцолжээ.
ЮНЕСКО-ийн төлөөлөгчид Газрын дундад тэнгисийн ард түмний уламжлалт хоол хүнсийг ч орхисонгүй. Испани, Грек, Итали, Мароккогийн хоол хүнс 2010 онд биет бус өвийн жагсаалтанд багтсан юм. Энэ бүс нутагт чидун жимсний тос, загас, хатаасан ногоо жимс, амтлагчууд, түүнчлэн дармал, дарс зэргээрээ алдартайн дээр Газрын дундад тэнгис орчимд дэлгэрсэн нутгийн зан заншлын талаар мэдээлэл өгч, ширээний ард цуглахаараа өөр хоорондоо хүүрнэдэг домог, хууч, дуу шүлгийг хадгалан үлдэх нөхцлийг бүрдүүлдэг хэмээн шинжээчид үзжээ.
Хоол хүнсний эдгээр уламжлалууд нь ЮНЕСКО-ийн хүндтэй жагсаалтанд багтах “гавьяа”-тайн дээр бусад өвтэй адилхан биет бус өвийн чухал төлөөллүүд юм. Энэ жилийн хувьд олон хоол хүнс жагсаалтанд багтахаар хүсэлтээ гаргасны дотор турк кофе багтжээ. Дашрамд дуулгахад 2011 онд туркчууд хуримынхаа өмнө бэлдэж, зочдыг тайлдаг, улаан буудай, тахиан мах \өөр махаар ч болно\ -аар хийдэг уламжлалт ёслолын зоог болох кешкек хэмээх хоолыг жагсаалтанд багтааж чадсан “адтай” ард түмэн. Биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан өөр нэгэн орон бол Өмнөд Солонгос. Солонгосчууд улаан чинжүү, сонгино, цагаан гаа, сармисаар амталж, дардаг байцайны кимчигээ ЮНЕСКО- д бүртгүүлэхээр шийджээ.
Зөвхөн солонгосчууд төдийгүй олон орныхон амтархан идэх дуртай болсон кимчиг манайхан ч андахгүй. Ерээд оны сүүлээс л бараг монголчууд ахиухан мөнгө олж, амьдралаа дээшлүүлэхээр Өмнөд Солонгосыг жил бүр олноор зорих болсон нь Солонгос хоол манайд “нутагшиж”, хоолны соёлын нэгээхэн хэсэг болоход нөлөөлсөн юм. Солонгос кимчинээс гадна япончууд дэлхийн хоол хүнсний “алдрын танхим”-д хоолны уламжлалаараа багтахаар өрсөлдөж байгаа юм байна.
Энэ улс хоолны зан заншлаа сайтар хадгалж, мөрддөг гэдгээрээ төдийгүй суши болон сашимиг дэлхий нийтээр мэддэг, амтархан иддэг болсно учраас ЮНЕСКО-ийн жагсаалтанд бүртгүүлэхээр шийдсэн нь энэ.
Шинээр “нэр дэвшигчид”-ээс аль нь тунан үлдэж, биет бус соёлын өвийн жагсаалтанд багтах нь хэдхэн хоногийн дараа тодорхой болно. ЮНЕСКО-ийн орон орны төлөөлөгчид Азербайжаны нийслэл Баку хотод 12 дугаар сарын хоёронд цугласан, харин хурал нь энэ сарын долооны өдөр дуусах юм байна. Тэр үед л Газрын дундад тэнгисийн хоол, кофе сушигийн аль нь биет бус өвд багтасныг мэдэж болно.
Магадгүй германчууд шар айргаараа ч багтаж болох, яагаад болохгүй гэж, тэд шар айраг нэрэх аргаа биет бус өвд бүртгүүлэхээр олон жил чармайж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!