Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 1-нээс “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж буйгаа зарлалаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж байгаа тухайгаа мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/mne.mn/videos/341119103683015/

"Агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг батлах гэж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "УИХ-аар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг тусган үндсэндээ батлах гэж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50-50 хувиар бууруулсан. Одоо цаашлаад 80 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.

Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2,500 хүн эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс есдүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрсөн, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална" хэмээн ярилаа.

"Төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлчүүдийн амь амьдралтай маш чухал ач холбогдолтой аяныг энэ оныг дуустал хэрэгжүүлэх гэж байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт орж, төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа.

Ингэснээр алслагдсан таван хороо буюу

  • Хан-Уул дүүргийн 12,13,14-р хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо/Жаргалант тосгон/
  • Баянзүрх дүүргийн Гачуурт тосгондд түүхий нүүрс түлэх хориотой болж байна.

Угаарийн хий мэдрэгчийг өнөөдрийн байдлаар 162,469 айлд суурилуулаад байгаа. Цахилгаан болон бусад эх үүсвэрээр гэр, байшингаа халаадаг/гал түлдэггүй/37,531 угаар мэдрэгч илүү гарсныг онцгой байдлын байгууллагын агуулахад хадгалж байна.

Есдүгээр сарын 7-ноос эхлээд алслагдсан таван хорооны 9,750 айлд угаар мэдрэгчийг суурилуулна. Мөн шилжин ирсэн, түр оршин сууж байгаа өрхүүдэд 15,000 угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн болсон.

Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Нэгдүгээр сард авсан угаар мэдрэгчийн зай дууссан байх магадлалтай тул зай нь дууссан эсэхийг заавал шалгаарай" хэмээв.