Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы нинжагийн музейд гарсан “нинжа” маягийн хулгай

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Япон улсын төв бүсийн Мие муж нь дундад зууны нууцлаг дайчид болох нинжагийн өлгий нутаг гэгддэг.

Энэ мужид Ига-рю Нинжа нэртэй музей байдаг бөгөөд энд нинжагийн түүхтэй холбоотой дурсгалууд хадгалагддаг юм.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр тус музейд хулгай орж, нэг сая гаруй иен ($10,000) хадгалж байсан сэйфийг нь авч явсан байна. Сонирхолтой нь хулгайч нар музейн хаалгыг лоомоор хөшиж онгойлгоод 150 кг жинтэй сэйфийг авч явахад ердөө гуравхан минут зарцуулсныг хэргийн газарт ажилласан мөрдөгчид тогтоожээ.

Энэ нь бараг нинжа нараас өөр хүн хийж чадахааргүй үйлдэл болохыг Ёмиури Шинбун сонинд бичсэн байна.

Сэйфэнд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд борлогдсон тасалбарын орлого хадгалагдаж байжээ.

Цагдаа нар хулгайчийг илрүүлэхээр ажиллаж байгаа ч одоогоор ямар нэг сэжүүр олоогүй гэнэ.

Нинжа нар нь Япон даяар үймээн самуун, дайн дажинтай байсан 15 дугаар зууны дунд үеэс бий болж, самурай эзэддээ хүчин зүтгэдэг байсан гэдэг.

Харин өнөөдөр энэ нь Японы соёл, аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болж, дэлхийн орон орны хүмүүсийн сонирхлыг татдаг байна. 

Япон улсад нинжагийн түүхтэй холбоотой хэд хэдэн газар байдаг ч хөрш Ига, Кога хоёр нутаг нинжүцүгийн гол сургуулиуд бий болсон газрууд гэгддэг юм.

 

Эх сурвалж: The Guardian