Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн үнэлгээ $2 их наядыг давж, Илон Маск дэлхийн дөрөв дэх баян хүн боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр цар тахлын улмаас эдийн засаг хямраад байгаа ч сүүлийн өдрүүдэд Америкийн технологийн компаниудын хувьцааны үнэ өссөөр байна.

Өчигдрийн арилжааны үеэр Apple компанийн зах зээлийн үнэлгээ $2 их наядын босгыг давсан нь АНУ-ын компаниудын дотроос анхны тохиолдол боллоо.

Тус компанийн нэгж хувьцаа $465 орчмоор арилжаалагдаж байна. Apple нэгж хувьцаагаа энэ сарын сүүлээр дөрөв хуваах шийдвэр гаргаад байгаа. Ингэснээр нэгж хувьцааны үнэ $116 орчим болж, жижиг хөрөнгө оруулагчид худалдаж авахад илүү таатай болох юм.

Ингэснээр Apple-ийн зах зээлийн үнэлгээнд өөрчлөлт орохгүй, харин илүү олон тооны хувьцаа зардаг болно гэсэн үг.

Apple-ийн хувьд $1 их наядын үнэлгээнд хүрснээсээ хойш хоёр жил гаруй хугацааны дараа $2 их наядад хүрч байна. Дэлхийн хэмжээнд авч үзвэл тус компани $2 их наядын босгыг давсан анхны компани биш.

Саудын Арабын төрийн өмчит газрын тосны Сауди Арамко компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж эхлэхдээ энэ үнэлгээнд хүрсэн ч удалгүй түүхий эдийн ханшийн уналтаас шалтгаалан буцаж буурсан юм.

Одоогоор АНУ-ын технологийн компаниудаас Амазон, Майкрософт хоёр $1.6 их наядын үнэлгээтэй Apple-ийн араас нэхэж байна. Google-ийн үнэлгээ бас $1 их наядыг даваад байгаа юм.

Apple-ийн хувьцааны үнийн өсөлт саяхан өөрийн гүйцэтгэх захирал Тим Кукийг тэрбумтан болгосон билээ.

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр дараалан өсөж, үнэлгээгээ $13.3 тэрбумаар ахиулсан байна.

Тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маскын хувийн хөрөнгийн хэмжээ өчигдрийн байдлаар $90 тэрбумыг давж, дэлхийн баячуудын жагсаалтын дөрөвт дэвшжээ. Тэрбээр Францын тэрбумтан, Louis Vuitton брэндийн эзэн Бернар Арног хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж, Америкийн технологийн салбараас төрсөн гурван тэрбумтны ард жагсжээ.

Амазоны Жэф Безос, Майкрософтын Билл Гэйтс, Фэйсбүүкийн Марк Зукербэрг нар түүний урд жагсаж байна.

Маск компанийнхаа 21 хувийг эзэмшдэг. Теслагийн нэгж хувьцааны үнэ сүүлийн нэг жилийн дотор 10 дахин өсөж, $1,900 гаруй болоод байна.

Өнгөрсөн сард тус компани зах зээлийн үнэлгээгээр Японы Тоёотаг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгч болсон юм.

Тесла компани бас энэ сарын сүүлээр нэгж хувьцаагаа тав хуваахаар төлөвлөж байгаа.

Блүүмбэргийн гаргасан дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалт:

  1. Жэф Безос Amazon ($195 тэрбум)
  2. Билл Гэйтс Microsoft ($121 тэрбум)
  3. Марк Зукербэрг Facebook ($99.4 тэрбум)
  4. Илон Маск Tesla ($90.3 тэрбум)
  5. Бернар Арно LVMH ($83.7 тэрбум)
  6. Мукеш Амбани Reliance Industries ($80 тэрбум)
  7. Уоррен Ваффет Berkshire Hathaway ($79 тэрбум)
  8. Стив Балмер Microsoft ($76.1 тэрбум)
  9. Ларри Пэйж Alphabet ($74.2 тэрбум)
  10. Сергей Брин Alphabet ($71.9 тэрбум)

 

Эх сурвалж: CNN, Bloomberg