Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаанаар Засгийн газраас 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хэлэцэхээр дэмжлээ.
Төслийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө боловсруулахдаа халдварт цар тахлаас ард иргэдээ хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан бөгөөд цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилтоос бүрдэж байгаа юм байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэмжигдэхүйц бодитой төсөл хөтөлбөр, бодлогын шинж чанартай томоохон зорилтуудыг багтааж, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг Засгийн газар баталж, салбарын яамдын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Л.Оюун-Эрдэнэ сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлсэн эсэх асуултад Л.Оюун-Эрдэнэ сайд хариулт өгөхдөө “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэдэг том зарчмын өөрчлөлт орсон. Үүнд нийцүүлэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу Монгол Улс урт хугацааны төлөвлөгөөг 30 жилээр, дунд хугацаанд 10 жилээр тодорхойлох юм. Үүнээс Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг 5 жилээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 жилээр, дээрх бүх хөтөлбөрүүдэд уялдуулах эрх зүйн орчин үүссэн” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр хөтөлбөрийн төслийг холбогдох хууль, бодлогын баримт бичгүүдэд нийцүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Экспортыг далайцтай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс далайд гарцтай болох шинэ боомтыг чөлөөт бүс, аялал жуулчлал, үйлдвэрлэл, техникийн парк зэргийг уялдуулан нээх асуудлыг Засгийн газар анхаарч, судалж буй эсэхийг, хилийн боомтуудтай холбоотой тодруулгыг Ж.Батжаргал гишүүн асууж, хариулт авсан. Хөтөлбөрийн төсөлд дэд бүтэцтэй холбоотой асуудлыг гурван түвшинд ангилж үзэж байгаа бөгөөд нэг түвшинд нь хилийн боомтуудыг замтай холбох ТЭЗҮ-г боловсруулна гэж тусгагдсан гэлээ. ТЭЗҮ бэлэн болсон дарааллаар ажил гүйцэтгэгдэнэ. Энэ жил хилийн боомтууд дээр хамтарсан ажлын хэсгүүд ажиллан, үйл ажиллагааны ач холбогдлоор нь эрэмбэлэх, ТЭЗҮ боловсруулах ажлыг хийх бөгөөд төсвийн тодотголоор Барилга, хот байгуулалтын сайдын багцад зураг, төсвийн мөнгө хөрөнгийг тусгасан гэлээ. Аялал жуулчлалыг байгалийн, түүхийн, соёлын, төрөлжсөн гэдэг дөрвөн ангиллаар авч үзэхээр тусгагдсан гэлээ.
Улсын зэрэглэлтэй хотууд болон аймгийн төвийн статустай холбоотой асуудал хөтөлбөрийн төсөлд тусгагдсан эсэхийг Ж.Сүхбаатар гишүүн тодруулсан.
Ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилт хөтөлбөрийн төсөлд тусгасан бөгөөд хувийн хэвшил, төр засаг дангаараа, олон улсын хөрөнгө оруулалтаар, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 18 орчим томоохон төсөл бий. Эдийн засгийг эрчимжүүлэх эдгээр төслийг хэрэгжүүлснээр 31,000 орчим ажлын байр бий болно хэмээн тооцжээ. Эдгээр төслийг орлого олох дарааллаар нь эрэмбэлж, хэрэгжүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байсныг мөн дурдсан.
Авлигалыг бууруулах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд авлигал үүсэх суурь нөхцөлийг байхгүй болгож, зөвхөн дээд шатанд төдийгүй авлигал үүсэх нөхцөл болж буй төрийн анхан, дунд шат руу хандсан реформ хийхээр төлөвлөсөн гэв. Тухайлбал, Засгийн газрын эхний 100 хоногт багтааж Монгол Улсын төрөөс үзүүлж буй бүх үйлчилгээг нэг цахим сайтад төвлөрүүлнэ, хоёр жилийн дотор бүрэн шилжиж, гурав дахь жилээс хувийн хэвшил буюу банк, санхүүгийн байгууллагыг нэг цонхонд төвлөрүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр тусгасан гэлээ.
Дараа нь гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангаж, хүний эрх, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, шударга ёс, хуульт ёсыг бэхжүүлэх “Хараат бус бие даасан шүүх, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэтгэл” бүлэгт “Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн харъяанд шилжүүлнэ” гэдэг заалтыг онцолж, Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж буй эсэхийг хянах саналыг гаргав.
Коронавируст халдвар (КОВИД-19)-т цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогынхоо хүрээнд гадаадад байгаа иргэдээ авах асуудлаа онцгойлон тусгах, жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ цар тахлын үед тусгай бодлогоор дэмжих саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлж байв.
Н.Тогтохсүрэн гишүүн ард нийтийн амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг нэмэгдүүлэх цөм бодлогын хүрээнд ажлын байрыг хадгалах, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол бүхий бизнесийг дэмжихэд илүү анхаарах шаардлага бий гэдгийг хэлж, тайлбар хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан хэд хэдэн чиглэлээр тодорхой санал гаргаж, ажлын хэсэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр хүний хөгжлийн бодлогыг чухалчлах, иргэдийг эрүүл, боловсролтой, ажил орлоготой, орон байртай болгосноор бүх нийтээр улс орны язгуур эрх ашгаа дээдлэх нөхцөл бүрдэх тул эрүүл мэнд, боловсролын салбарыг дорвитой хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхой, нарийвчлалтай тусгах саналыг хэлж байсан.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ажлын байрыг нэмэгдүүлэх тэргүүтэй тодорхой асуудлаар нэр зааж, зорилт болгон хөтөлбөрийн төсөлд тусгах, тэдгээрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг нарийвчлалтай тусгах шаардлагын талаар хэлж, ажлын хэсэгтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудалд анхаарал хандуулах ёстойг хэлсэн. Төсвийн тодотголтой холбоотойгоор үүсэх гадаад, дотоод эрсдлээ тооцон, эрсдлийг удирдах асуудлыг хөтөлбөрт тусгасан байх шаардлагын талаар дурдсан. Түүнчлэн үр ашиггүй менежменттэй төсвийн хөрөнгө мөнгө, төрийн өмчит компаниудын хөрөнгийг оновчтой ашиглаж олон улсаас санхүүжилт босгох, төрд байгаа боломжуудаа бүрэн дайчлан үр ашиггүй төрийн өмчүүдийг үнэ цэнэтэй болгох, асар их хэмжээний алдагдалтай төрийн өмчит компаниудын асуудлыг анхаарах, ипотекийн зээлийн хүүг бууруулж, тогтолцоог шинэчлэхтэй холбоотой саналыг гаргасан юм.
3.2 сая хүний 2.8 сая нь давхардсан тоогоор ямар нэг хэлбэрийн халамж авч байгаа. Халамж авдаг бус бүтээдэг эдийн засаг руу шилжих зайлшгүй шаардлага бий бөгөөд үүний хөшүүргийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэлээ.
Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 9 нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.