Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Токио хотод гаднаасаа нэвт харагддаг нийтийн жорлонгуудыг байгуулж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Гадна талаасаа нэвт харагддаг шилэн хийцтэй нийтийн жорлонгуудыг саяхан Японы нийслэл Токио хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд байгуулжээ.

Алдартай дизайнеруудын загвараар бүтээсэн жорлонгууд өнгө өнгийн шилэн хийцтэй бөгөөд хоосон үедээ дотрох нь нэвт харагддаг, хүн орж хаалгыг нь түгжих үед бүрзийж, харагдахаа больдог технологитой юм байна.

Ийм таван шинэ жорлонг энэ сард Шибуяа дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулжээ. Tokyo Toilet Project төслийг хэрэгжүүлэгч Nippon Foundation сан энэ ажлыг хариуцаж байгаа гэнэ.

“Нийтийн жорлонгуудад хоёр гол асуудал байдаг. Нэгдүгээрт дотор тал нь цэвэрхэн эсэхэд эргэлзэх эргэлзээ, хоёрт дотор нь хэн нэг хүн отож байх вий гэсэн айдас” гэж төслийг хэрэгжүүлэгчид тайлбарлажээ. Шинэ загварын нийтийн жорлон нь дээрх хоёр асуудлыг шийдсэн юм байна. Шөнийн цагаар шилэн жорлонгууд нь гэрэлтүүлэг болж, орчиндоо өнгө үзэмж нэмдэг гэнэ.

Япон улс нь жорлонгийн өндөр технологиороо алдартай. Угааж ариутгадаг, хатаадаг, халдаг, автоматаар сөхөгддөг зэрэг төрөл бүрийн үйлчилгээтэй жорлонгийн суултууруудыг Японы Toto компани үйлдвэрлэж, дэлхийн хэд хэдэн орны зах зээлд гаргадаг.

Төслийг санаачлагчид нийт 17 шилэн жорлонг ирэх оны хавар гэхэд Шибуяад байгуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian