Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүх иргэнээ үнэ төлбөргүй хамруулахаар болсныг зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Австралийн засгийн газар коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүх иргэнээ үнэ төлбөргүй хамруулах болсныг зарлажээ. 

Тус улс Британийн AstraZeneca компанийн Оксфордын их сургуультай хамтран бүтээж буй вакциныг өөрийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэх эрхийг авснаар ингэх боломжтой болсон байна.

“Оксфордын вакцин бол өнөөдөр дэлхий дээр бүтээгдэж буй хамгийн дэвшилтэт, хамгийн их найдвар төрүүлж буй вакцинуудын нэг мөн билээ. Энэхүү гэрээг байгуулснаар бид бүх австраличуудыг түрүүлж вакцинжуулах боломжтой болж байна” гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр орой мэдэгджээ.

Оксфордын их сургуульд бүтээж буй вакцин одоо хүн дээр хийгдэх туршилтын сүүлчийн шатандаа яваа юм.

Скотт Моррисон “Хэрвээ вакцины туршилт амжилттай дуусвал бид өөрсдөө үйлдвэрлэж, 25 сая иргэндээ үнэ төлбөргүй нийлүүлэх юм. Гэхдээ туршилт амжилттай болно гэсэн баталгаа байхгүй тул бид өөрийн эрдэмтдийн ажлыг дэмжихийн хажуугаар дэлхийн өөр олон вакцин бүтээгчидтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна” гэж хэлжээ.

Австралийн засгийн газар AstraZeneca компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байгаа юм байна.

Дэлгэрэнгүй гэрээ байгуулах үед вакциныг үйлдвэрлэх зөвшөөрлийг ямар үнээр авах, ямар хугацаанд нийлүүлэх зэрэг нөхцлүүдийг тохирох ажээ.

Өмнө нь Австралийн засгийн газар иргэдээ вакцинжуулахад олон тэрбумыг зарцуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байжээ.

AstraZeneca компани 1 ба 2 дугаар шатны туршилтын үр дүнгээ долдугаар сарын сүүлээр зарлаж байсан юм. Одоо үргэлжилж байгаа 3 дугаар шатны туршилтын үр дүн энэ оны сүүлээр тодорхой болно.

Тус компани дэлхийн хэд хэдэн улсын засгийн газар, байгууллагуудтай нийтдээ 3 тэрбум тун вакцин нийлүүлэх гэрээг урьдчилж байгуулаад байгаа.

Тухайлбал АНУ-ын засгийн газар 300 сая тун вакцин авах гэрээг AstraZeneca компанитай байгуулсан юм. Европын Холбоо өөрийн гишүүн орнуудад зориулж 400 сая тун вакцин авахаар тохиролцжээ.

 

Эх сурвалж: CNN