Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсад түүх соёлын 86,157 үл хөдлөх дурсгал бүртгэлтэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнуудын тодорхой цаг үеийн түүхийг илэрхийлдэг зүйлийн нэг нь хөшөө, дурсгалт газрууд юм.

Орчин үед хөшөө, баримлыг он цагийн дурсгал гэхээс илүү хот тохижилт, гоёл чимэглэлийн зориулалтаар барьж байгуулах нь элбэг болсон.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед “Монгол Улс нэг хүнд ногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг боллоо” гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж, олон хүний шүүмжлэл дагуулаад байгаа. 

Иймд улсын хэмжээнд байдаг хөшөө, дурсгалт газруудын тоо баримтыг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Монгол Улсад 9,537 дурсгалт газрын 86,157 түүх соёлын үл хөдлөх дурсгал бүртгэлтэй

Хөшөө дурсгал нь соёлын биет өвд тооцогдох бөгөөд үл хөдлөх дурсгал гэсэн нэрийн дор соёлын өвд бүртгэгддэг.

Мөн манай орны хувьд хөшөө баримлуудыг тодорхой шалгуураар ангилж, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн тэмдэглэдэг хуультай.

Тодруулбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд,

“Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд зохион байгуулна” хэмээн заажээ.

Уг хуулийн дагуу хөшөө дурсгалын ангилалд орж, үл хөдлөх дурсгалын тооллогыг хамгийн сүүлд 2015 онд орон даяар зохион байгуулсан байна.

“Уг үзлэг тооллогоор манай орны нутаг дэвсгэрт 9,537 дурсгалт газрын 86,157 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн” гэдгийг  Соёлын өвийн үндэсний төвийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл хариуцсан бүртгэл, мэдээллийн санч Г.Бүрэнтөгс мэдээлэв.

“Сүүлд баригдсан гэрэлт хөшөөнүүд нь шинэ цагийн дурсгал мөн ч бүгдийг нь үл хөдлөх дурсгалд бүртгэдэггүй”

Гэхдээ тэрхүү түүх, соёлын 86 мянга гаруй үл хөдлөх дурсгалыг бүгд хөшөө, баримал гэж ойлгож болохгүй. Учир нь Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хөшөө дургалаас эхлэлтэй найман төрөл зүйл багтдаг.

Энэ талаар мэргэжлийн хүнээс буюу мэдээллийн санч Г.Бүрэнтөгсөөс тодруулав.

Тэрбээр хэлэхдээ “Соёлын өв гэх ойлголтод биет өв, биет бус өв, соёлын хөдлөх өв гэсэн гурван төрөл хамаардаг. Харин соёлын биет өвд түүх, соёлын үл хөдлөх дурсгал буюу хөшөө дурсгал багтдаг.

Үл хөдлөх дурсгалыг түүх болон археологийн соёлын өвийн чиглэлээр нийтэд нь найман төрөл зүйлээр ангилна.

Үүнд,

  1. Чулуун зэвсгийн үеийн дурсгалт газар
  2. Хадны зураг, бичгийн дурсгал
  3. Эртний булш оршуулгын дурсгал
  4. Тахил тайлгын байгууламж
  5. Барилга, архитектурын дурсгал
  6. Хөшөө дурсгал
  7. Үйлдвэрийн ул мөр хадгалсан дурсгалт газар
  8. Палентеологийн олдворт газар багтдаг” хэмээн тайлбарласан юм.

Мөн тэрбээр “Соёлын үл хөдлөх дурсгал нь өөрөө тодорхой хэмжээнд түүхийг дамжиж ирсэн, тодорхой хэмжээний он, цаг заасан байдаг. Үл хөдлөх дурсгалын найман төрөл зүйлийн аль нэгд тооцогдох болон он цагийн хувьд бүрэн боломжтой бол тухайн хөшөө, дурсгалыг соёлын өв гэх ангилалд бүртгэж авдаг.

Сүүлийн үед баригдсан уран баримал, хот тохижилтод зориулагдсан эсвэл байгууллагуудын ойд зориулагдсан дайчдын гэрэлт хөшөө зэрэг нь зарим тохоилдолд шинэ цагийн дурсгалт бүтээл болно.

Гэхдээ тэр болгоныг соёлын өвд бүртгэж авдаггүй бөгөөд тодорхой шаардлага, шалгуурыг хангасан тохиолдолд тухайн дурсгалыг соёлын өвийн ангилалд оруулах буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэж авдаг” гэв.

Хуулийн хүрээнд 2020 онд хийгдэх ёстой соёлын үл хөдлөх дурсгалын тооллого одоо ч явагдаагүй...

Соёлын өвийн үндэсний төв Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран түүх соёлын өвийг бүртгэн баримтжуулах ажлын хүрээнд тоо баримтыг агуулсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын лавлах”-ыг 2017 онд хэвлэн гаргажээ.

Тус лавлах номд хамгийн сүүлд бүртгэгдсэн үл хөдлөх дурсгалын талаарх баримтыг танилцуулсан байдаг. Хуулийн хүрээнд таван жил тутамд үл хөдлөх дурсгалын бүртгэл тооллого явагдах ёстой буюу 2020 онд тоо баримт шинэчлэгдэх ёстой.

“Гэвч энэ жил дэлхий даяар тархсан цар тахлын улмаас тооллого хараахан зохион байгуулагдаагүй байгаа” хэмээн албаныхан хэлж байна.

Тиймээс “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын лавлах”-д тэмдэглэдсэн үл хөдлөх дурсгалуудын тоо баримт нь хуулийн хүрээнд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Номд тэмдэглэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаас ердөө таван хувийг нь хөшөө дурсгал эзэлдэг бол дийлэнхийг нь буюу 79 хувийг нь булш, оршуулгын дурсгал эзэлдэг аж.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болсон хөшөө дурсгал гэж юу вэ?

Дээр дурдсан Мэргэжлийн байгууллагаас гаргасан лавлах номд өгүүлснээр, түүхэн тодорхой цаг үед зан үйл, шүтлэг бишрэл, түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулан босгосон түүх, урлагийн үнэ цэн бүхий бүх төрлийн хөшөө дурсгал хамаарна хэмээжээ.

Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт түүхийн өөр өөр цаг үед холбогдох буган чулуу зэргийн хэдэн мянган хөшөө дурсгал бий.

Ялангуяа, хүрэл зэвсгийн үед холбогдох буган чулуун хөшөө, үсэг бичиг, тамга хөшөө, Түрэгийн үе болон Монголын үед холбогдох хүн чулуун хөшөө, үсэг бичиг, тамга тэмдэг сийлсэн хөшөөд болон элдэв амьтдыг дүрсэлсэн чулуун хөшөөд хийгээд ямар нэгэн дүрслэлгүй цулгуй хөшөө түгээмэл байдаг аж.

Монгол Улсын нутаг дэвсгэрт орших хүн чулуун хөшөөдийг бүтээгдсэн он цаг, дүрслэл, онцлогоор нь Хүрэл зэвсгийн үе болон Түрэг, Уйгур, Кидан, Монголын хүн чулуун хөшөө гэж ялгаж авч үздэг байна.

Улсын хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх 2,102 хөшөө дурсгал бүртгэлтэй

Тэгвэл 2015 оны үзлэг тооллогоор Монгол Улсад түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэлтэй нийт 2,102 хөшөө дурсгал байна.

Аймаг, аймгаар нь харьцуулан үзвэл Ховд аймагт хамгийн олон буюу 320 ширхэг үл хөдлөх дурсгалт хөшөө байдаг аж.

(Аль аймагт, хэдэн түүх, соёлын хөшөө дурсгал бүртгэлтэйг доорх графикаас харах боломжтой)

“Улаанбаатар хотын хэмжээнд 479 үл хөдлөх дурсгал бүртгэлтэй”

Соёлын үл хөдлөх дурсгал, дурсгалт газруудыг улс, аймаг, нийслэл, дүүргийн хамгаалалтад байлгадаг.

Тухайлбал, Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталсан.

Үүнд нийслэлийн нутаг дэвсгэрт орших 13 дурсгалт газар орсон нь,

  1.  Гандан тэгчэнлин хийдийн цогцолбор,
  2. Ардын намын төв хороо, Ардын засгийн газар түр байрлаж байсан байшин
  3. Гачууртын амны хадны зураг
  4. Дарь-Эхийн сүмийн чулуун багана, гол сүм
  5. Дамбадаржаа хийдийн цогцолбор
  6. Дашчойлин хийдийн гэр хэлбэрт модон дуганууд
  7. Чин ван Ханддоржийн байшин
  8. Чойжин ламын сүм цогцолбор
  9. Туулын Хар түнийн ордны туурь
  10. Богд хааны ногоон ордны цогцолбор
  11. Их тэнгэрийн амны хадны зураг
  12. Анхны “Өндөр хоршоо”-ны 2 давхар байшин
  13. Гэсэр сүмийн цогцолбор багтжээ.

Мөн БСШУС-ын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаалаар Аймаг, нийслэлийн тусгай хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталсан.

Үүнд нийслэлийн нутаг дэвсгэрт орших 13 дурсгалт газар орсон нь,

  1. Анхны Европ хоёр давхар байшин
  2. Анхны холбооны байшин
  3. “Гоожингийн өндөр хэмээх байшин
  4. Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин
  5. Сүхбаатар жанжны анхны хөшөө
  6. Сэлбэ гүүрний хоёр ширхэг чулуун арслан
  7. Бэлхийн амны хүннү булш
  8. Дондогдулам хатны дурсгалын суварга
  9. Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин
  10. Мал, тариалангийн яам байрлаж байсан байшин
  11. Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр байрны өмнөх хоёр ширхэг чулуун арслан
  12. Богд хааны Хүрэн ордны зарим байшин
  13. Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин
  14. Ерөнхий сайд Д.Жигжиджавын амьдарч байсан байшин аж.

Харин нийслэлд сүндэрлэх хөшөө дурсгалын тухайд нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Гомбосүрэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах хөшөө дурсгалыг журмын хүрээнд хэлэлцэж батлуулдаг юм.

Хамгийн сүүлд хийсэн үзлэг тооллогоор Улаанбаатар хотын хэмжээнд нийт 217 тэсийн 479 үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар, түүхэн тодорхой орон зай, цаг үе аль нэг хэсгийг төлөөлж чадах, байгаль, нийгэм, түүх соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий дурсгалыг соёлын өв гэж үздэг.

Харин шинээр байгуулагдаж байгаа уран баримал, тохижилтын зориулалтаар баригдсан хөшөө баримлууд соёлын үл хөдлөх дурсгалын шалгуурт нийцэхгүй гэж үзэж заримыг нь хасах санал гаргаад байгаа” гэв.

Мөн “Тогтоол, захирамжаар зөвхөн улс, дүүрэг, аймгийн хамгаалалтад байх хөшөө, дурсгал, дурсгалт газруудын жагсаалтыг баталдаг. Хэний эзэмшлийн хашаанд ямар хөшөө, баримал баригдсан талаар нэгдсэн тоон мэдээлэл гардаггүй” гэдгийг Ш.Гомбосүрэн мэргэжилтэн онцлон тайлбарлаж байлаа.

 "Нийслэлийн хэмжээнд 200 орчим хөшөө дурсгал бий"

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгаа хөшөө дурсгалын асуудалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба анхаарал хандуулдаг аж.

Энэ талаар  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хариуцсан мэргэжилтэн Ш.Чанцалнурмаа “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлд байгаа хөшөө дурсгалд нэлээд ач холбогдол өгч анхаардаг. Манай байгууллага нийтийн эзэмшлийн өв хөрөнгөө арчилж хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд дүүргүүдэд дэмжлэг үзүүлэн засварлаж байна.

Ингэхдээ зөвхөн сэргээн засварлах шаардлагатайд нь л засвар хийдэг” гэлээ.

Түүнчлэн “Хамгийн сүүлд хийсэн тооллогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим хөшөө дурсгал бий. Үүнд хувийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр хашаандаа барьсан зэрэг хөшөө, дурсгал багтаж байгаа.

Гэхдээ манай байгууллага зөвхөн улс, нийслэлийн хамгаалалтад багтсан хөшөө, дурсгалын л арчлал, засварыг хариуцдаг. Тиймээс гадуур хаягдчихсан, засвар шинэчлэлгүй хөшөө дурсгал байж харагддаг.

Хөшөө дурсгал гэдэг жил бүр их хэмжээгээр нэмэгдээд байдаг зүйл биш учраас улсын хэмжээний тооллогыг хуулийн хүрээнд таван жил тутамд нэг удаа хийдэг юм.

Хөшөө дурсгалыг үнэхээр түүх соёлын үнэтэй бүтээл мөн эсэхийг мэргэжлийн хүмүүс хэлэлцээд, тогтоосон тохиолдолд үл хөдлөх соёлын өвд бүртгэнэ. Тэрнээс баригдаж байгаа хөшөө, дурсгал бүрийг соёлын өв гэж үзэхгүй.

Нийслэлд яг хөшөө дурсгалтай холбоотойгоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэгдсэн зургаан ширхэг арслан л бий. Бусад нь түүх дурсгалын барилга байгууламж зэрэг багтдаг” гэв.

Орчин үед нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг байрлуулахад НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 55 дугаар тогтоол “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дагуу шийдвэрлэдэг.

Үүнд "Хөшөө гэж тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хэлнэ" гэж тодорхойлжээ.

Улаанбаатарт төсвийн хөрөнгөөр баригдсан хөшөөний талаар мэргэжилтэн Ш.Чанцалнурмаа "Бид 2018 онд 10 хөшөө дурсгалд завсар хийж, 4 шинэ хөшөө барьсан.

2019 онд 13 хөшөө дурсгалд засвар хийж, 14 баримлыг шинээр эхлүүлсэн. Гэхдээ тэдгээрийн 13 баримал нь Богдын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулаад буй Богдын гэрэлт хөшөө болон түүний дагалдах 12 баримлын хүрэл хөшөө юм. Харин нөгөөх нь Үндэсний цэцэрлэгт хүрээнд байрлуулсан, хүрлээр цутгаж хийсэн Цэндийн Дамдинсүрэн гуайн хөшөө юм. 2020 оны тухайд 11 жижиг хөшөө баримлын засварыг хийсэн байна" гэлээ.