МХЕГ-аас хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн "Есдүгээр сард ЕБС-ийн хүүхдүүдэд өнгөрсөн хичээлийн жилийн хичээлийг бататгах хөтөлбөр явагдана" гэдгийг онцлов.
Мөн тэрбээр "Нэг ангид дээд тал нь 25 хүүхэд хичээллэхээр зохицуулсан. Тэгвэл зарим цэцэрлэгийн 50-60 хүүхэдтэй анги хэрхэн сургалтаа явуулах вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав.
М.Нямсүрэн "Өмнө нь 50-60 хүүхэдтэй байсан ангийг хоёр хуваах байдлаар нэг ангид 20-25 хүүхэд байхаар зохион байгуулалт хийх ёстой.
Өөрөөр хэлбэл, цэцэрлэгүүд энэ жил хоёр настай хүүхэд аваагүй ангийнхаа нөөцийг ашиглаад таван настай хүүхдийг бүрэн хэмжээгээр цэцэрлэгт хамруулах ёстой.
Таван настай хүүхдийн 100 хувь цэцэрлэгт хамруулж, багтаамжаасаа хамааран дөрвөн настай хүүхдийг авна. Дараа нь боломж байвал гурван настай хүүхдийг авна гэсэн шийдвэрийг БШУЯ-наас гаргасан.
Хөдөө орон нутагт анги, кабинетын хүрэлцээ хангалттай тохиолдолд заавал дээрх журмыг мөрдөнө албагүй.
Гол нь бидний хийгээд байгаа энэ зохицуулалтууд болзошгүй эрсдэл сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж буй хэрэг. Зөвхөн боломжит хувилбарыг л ийм байдлаар гаргаж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
Хамгийн гол нь хүний бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай байлгах зохицуулалтад гол анхаарлаа хандуулна.
Сургуулийн хувьд ч анги хуваарилалт, багшийн цагийн ачаалал, тэнцвэржүүлэлт, бусад багш нарын хүчийг ашиглах гээд маш олон хувилбарт зохицуулалт хийгдсэн нь бий.
Үүнд ямар нэг байдлаар хүүхдэд ашиггүй зохицуулалт байхгүй. Бид сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчилсэн байдлаар баталж, агуулгын багтаамжийг агшаасан хэлбэрийн хөтөлбөр оруулсан.
Аль багш, ямар хичээл орох нь тодорхой болчихсон учраас ямар нэг байдлаар мэргэжлийн бус багшаар хичээлийн агуулгыг заалгах боломжгүй" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!