Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Ховд аймгийн сонгогчдын УИХ-д гишүүнээрээ төлөөлүүлэх эрх, эрх чөлөөг шууд хааж боож байна"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд оролцох эрхийг УИХ-ын даргыг орлож байсан дэд дарга Г.Аюурсайхан долоо хоногоор хаслаа. 

Тодруулбал, Б.Пүрэвдорж гишүүн төсвийн тодотголын талаар үг хэлэхдээ:

Төсөв сахилга баттай болсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нотлохдоо "Төсвийн тодотгол хийдэггүй юм" гэж хэлдэг. Гэтэл энэ төсвийн тодотгол хийхээр оруулж ирж байгаа нь төсөв сахилга батгүй болсон гэсэн үг. Тийм учраас хууль зөрчсөн үйлдлээ өнөөдөр төсвийн тодотголоор зөв болгох гэж оролдож байгаа. 

COVID-19-ийг далимдуулаад Засгийн газар маш том эрх авсан. Энэ эрхийнхээ хүрээнд сонгуулийн асар их зардлуудыг сонгуулийн санал худалдаж авах замаар хийсэн. 

Гурван жишээ хэлье. 

  1. 16 нас хүртэлх хүүхдийн амжиргааг дэмжих мөнгө гэж байдаг. Энийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлээд нийт 67 мянган хүүхдэд өгсөн. Үүнд 20 тэрбум төгрөг зарцуулсан. 
  2. Ноолуур. Улаан сайд алдаатай үг хэлснээс болж ноолуурын үнэ дээр алдаа гаргасан. Малчдын саналыг алдана гэж үзээд нийт 175 тэрбум төгрөгийг 203 мянган малчдад дунджаар нэг өрхөд 800 мянган төгрөгийн хөрөнгө өгсөн. Энэ бол сонгуулийн авлига.
  3. Хоол хүнс тэжээлийн мөнгө. Энийг сэмхэн 16 мянга байсныг 32 мянга, том хүнд 32 мянга байсныг 64 мянга болгосон. Энийг өгөхдөө баг, хорооны ажилчдаар дамжуулж гишүүд дэмжигчдэдээ өгсөн хэмээн хэлсэн. 

Түүний үгийг УИХ-ын дэд дарга Г.Аюурсайхан тасалж, "Гишүүн ээ, хүн гүтгэхийг Дэгийн тухай хуулиар хориглодгийг сануулъя" гэсэн ч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үргэлжлүүлэн "МАН-ын бид төсвийн хөрөнгөөр ард иргэдийг тодорхой хэмжээнд тайвшруулж, саналыг нь авах зүйлүүдийг хийж байгаа. Харин та нар сайн ажиллана шүү" гэсэн протокол надад байгаа.   

Нийт 513 мянган иргэнд тавдугаар сарын 1-нээс хойш дээрх гурван жишээгээр л гэхэд 200 гаруй тэрбум төгрөгийг та 62 гишүүнийг УИХ-ын гишүүн болгохын тулд төсвийн хөрөнгөөр хийсэн. Ийм учраас энэ төсвийн тодотгол улстөржсөн тодотгол. Сонгуулийн жилийн саналыг худалдаж авснаа зөв болгох гэсэн тодотгол. Олон жишээ байгаа. Энэ жишээнүүдийг ил гаргаж хэлнэ. 

Ер нь сонгуульд АН-ыг 100 сая гэдгээр балбачихаад та нар төсвийн мөнгөөр иргэдийн саналыг худалдаж авсан нь өдрөөс өдөрт ил болж байгаа. ЖДҮ хулгайлсан, концесс авсан хүмүүс дахин сонгогдсон үндсэн шалтгаан нь төсвийн мөнгөөр сонгууль хийснийх" гэв. 

Г.Аюурсайхан "УИХ хуулиа хэлэлцэж баталсан. УИХ-ын тухай, Дэгийн тухай хуулиа батлахдаа бусдыг гүтгэж доромжлох талаар оруулсан. Тоо баримттай хэлнэ үү. Эрх бүхий байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Ханддаг газарт нь ханд" гэсэн юм.

Ийнхүү гишүүд үг хэлж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын даргын индэрт очин "Би гүтгэлэг яриагүй. Зургадугаар сарын төсвийн гүйцэтгэл дээр байна. Тоо баримттай ярьж байгаа. Юмаа унш. Уншихгүй байж" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын үгийг тасалсан тул УИХ-ын дэд дарга Г.Аюурсайхан "Төсвийг хуулийн дагуу зарцуулсан байгаа. Хүүхдүүддээ, эмзэг бүлгийнхэнд дэмжлэг үзүүлье гэж хангалттай ярьсан. Энэ дагуу дэмжлэг үзүүлсэн. Элдвээр хэлж болохгүй. Энэ долоо хоногийн хуралдааанд оролцох эрхийг чинь хасаж байна" гэсэн юм. 

Б.Пүрэвдорж гишүүний эрхийг ийнхүү хассан явдал нь олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад байна. 

Твиттер дэх байр сууриуд: