Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг өнөөдөр хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр Чех Улсад оршин суугаа 185 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан авахад Чех Улсын Засгийн газар, Прага дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд дэд сайд Б.Мөнхжин талархал илэрхийлсэн байна.
Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцохын зэрэгцээ хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.
Энэ сарын 11-нд Прага-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр ирсэн 185 иргэний нислэгийн тийз болон Монгол Улсад 21 хоногийн тусгаарлагдах байрны зардлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбар, БНЧУ-ын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр үйлдсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!