Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Дугаарын хязгаарлалт тогтоосон захын хэсгүүдэд томоохон автомашины зогсоол байгуулах газрыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ"

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас автомашины дугаарын хязгаарлалтын асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1469571859894418

"Гарагийн дугаарын хязгаарлалт хэвээрээ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийн хүрээнд дугаарын хязгаарлалтыг шинэчлэн тогтоож байна.

Шинэ гаргасан захирамжаар өмнө нь үйлчилдэг байсан гарагийн дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Гэхдээ хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв.

"Дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцсон жолоочийг 20,000₮-өөр торгох хуулийн заалттай"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оноос хойш хязгаарлалттайгаар явж байсан.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд тодорхой хуулиудад өөрчлөлт орсон. Энэ хүрээнд дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг засаг дарга нь гаргахаар болсон. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8  
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.
 
Гэрэл зургийг Mpa.mn

Дугаарын хязгаарлалтын бүсэд:

  • Хойд зүгт, Дэнжийн 1,000-ын уулзвар, 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас дотогш дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцох хориотой.
  • Зүүн зүгт, Сансрын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэл болон Офицеруудын ордны тойрог, Чулуун овоо, Дүнжингарав захын уулзвар зэрэгт хамаарах замд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
  • Урд зүгт, Home plaza-гийн уулзвар, 120 мянгатын уулзвар, МИС-ийн уулзвар, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулвараас хойш чиглэлд дугаарын хязгаарлалт үйлчлэх тул хөдөлгөөнд оролцох хориотой.
  • Баруун зүгт, Саппорогийн аюулгүйн тойрог бүхэлдээ дугаарын хязгаарлалтад хамаарах бөгөөд тус уулзвараас хойш 3,4 дүгээр хорооллын эцсийн зам болон Өргөө кино театрын уулзвараас Тасганы овооны уулзвар зэрэг нь дугаарын хязгаарлалтын бүсэд хамаарч байна” гэсэн юм

Мөн тэрбээр “Дугаарын хязгаарлалттай өдөр зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулиар иргэнд 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулахаар тусгасан. Тиймээс тушаал шийдвэрээ биелүүлэхийг анхааруулж байна” гэв.

"Мөрдөн шалгах ажиллагаанд болон гамшгийн үед ашиглагдаж буй автомашинд хязгаарлалт үйлчлэхгүй"

НЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Шинэ захирамжтай холбоотойгоор дугаарын хязгаарлалт, авто замын нэгдүгээр эгнээг зохицуулсан журмыг бид баталж буй.

Тус журамд тодорхой хэд хэдэн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулахгүй, нэгдүгээр эгнээгээр зорчиж болохоор нөхцөлүүдийг зааж, тусгасан.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл, жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл, гадаад улсад бүртгэлтэй болон гамшиг ослын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан тээврийн хэрэгслүүд, түргэн муудах хүнсний түгээлтийн үйлчилгээ явуулж буй ААН-ын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Гэхдээ заавал Замын хөдөлгөөний, инженер, зохицуулалтын газраас зөвшөөрөл олгосны дагуу хөдөлгөөнд оролцуулах боломжийг нь хангаж өгөхөөр зохицуулсан.

Дугаарын хязгаарлалтын талаарх нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарч буй. Хуулийн дагуу бид захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хэм, хэмжээний агтын нэгдсэн бүртгэлдлийн санд бүртгүүлсэний дараа хүчин төгөлдөр үйлчилнэ” гэлээ.