Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд гаалийн албан татварын чөлөөлөлт 59.8 тэрбум төгрөгт хүрчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Импортын барааны татварын чөлөөлөлт нь аливаа нэг салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын зохицуулалтын нэг хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл нийгмийн хэсэг бүлэгт хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, спортын, Засгийн газрын хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын хүрээнд нийлүүлэгдэх бараа материал, тодорхой хэсэг хугацаанд, хэсэг бүлэг салбарт чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тухайлбал ЖДҮ, Коронавирусын үеэр импортлогдох зэрэг тохиолдолд татварын чөлөөлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь бүгд төрөөс хэрэгжүүлж буй татварын зохицуулах чиг үүрэгт хамаарч байна.

Импортын бараанд ногдуулсан албан татвараас чөлөөлөх нийт 60 гаруй хуулийн заалт одоогийн байдлаар хэрэгжиж байна.

Үүнээс:

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 19 заалт;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 27 заалт;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 7 хууль;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 9 хуулийн заалт тус тус хэрэгжиж байна. Мөн дээрх хууль тогтоомжтой холбогдон гарсан Засгийн газрын 11 тогтоолын хүрээнд татварын чөлөөлөлтийг хэрэгжүүлдэг.

2019 оны байдлаар татварын чөлөөлөлтийн дүн:

  • НӨАТ-ын чөлөөлөлт: 135.1 тэрбум төгрөг
  • Гаалийн албан татварын чөлөөлөлт: 59.8 тэрбум төгрөг
  • ОАТ-ын чөлөөлөлт: 30.1 тэрбум төгрөг байна. 

Тэгвэл 2020 он гарснаас хойш Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахалтай холбоотой Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 5 хууль батлагдсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2 тогтоол батлагдан гарсан.

Үүнд:

  1. 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар 2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөрдөх хугацаа: 2020.04.19-2020.06.30
     
  2. Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг баталсан.
     
  3. 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.   Мөрдөх хугацаа: 2020.02.01-2020.10.01
     
  4. Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
     
  5. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар уг хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Мөрдөх хугацаа: 2020.04.29-2020.12.31-н гэжээ. 

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар