Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын TikTok, WeChat үйлчилгээнүүдийг АНУ-д хориглох захирамжийг Дональд Трамп гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадын компаниудын эзэмшдэг TikTok, WeChat үйлчилгээнүүдийг 45 хоногийн дотор Америкийн компаниудад зарахгүй бол үйл ажиллагааг нь хориглох захирамжийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сая гаргажээ.

Трамп өмнө нь зөвхөн TikTok үйлчилгээг хориглох тухай ярьж байсан бол WeChat-ийг ийнхүү нэмсэн байна. Тэрбээр Хятадын сошиал платформуудын АНУ дахь салбарыг Америкийн компаниуд худалдаж авсан тохиолдолд үйл ажиллагааг нь зөвшөөрөх нөхцлийг хэд хоногийн өмнөөс ярьж байв.

Ингэхдээ энэ наймааны дүнгээс тодорхой хэсгийг АНУ-ын сангийн яам хүртэх ёстой гэж ярьж байсан бол өнөөдрийн захирамжинд энэ талаар огт дурдаагүй байна.

TikTok платформыг Бээжинд төвтэй ByteDance компани эзэмшдэг бол WeChat-ийг Хятадын интернэтийн аварга компани Тенсент эзэмшдэг юм. Трампын засаг захиргаа эдгээр компаниудыг хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албадад дамжуулдаг тул үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж сэжиглэдэг.

Харин дээрх компаниуд уг сэжгийг эрс няцаасаар байсан юм.

TikTok үйлчилгээг АНУ-ын Майкрософт компани худалдаж авахаар яриа хэлэлцээ эхлүүлээд байгаа. Харин WeChat-ийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: CNN