Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын экс албан хаагч өөрийг нь алуулах захиалга өгсөн ханхүүг АНУ-ын шүүхэд өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын тагнуулын албанд ажиллаж байгаад сүүлд Канадад цагаачилсан хүн өчигдөр АНУ-ын шүүхэд Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүгийн эсрэг гомдол гаргажээ.

Тэрбээр ханхүү Мухаммед Бин Салманыг 2018 онд өөрийг нь устгуулахаар алуурчдын багийг Канад руу илгээж байсан гэж буруутгасан байна.

Шүүхэд хандсан Саад Аль Жабри нь өмнөх угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Наефийн туслахаар олон жил ажиллаж байжээ.

Одоогийн ханхүү 2017 онд Саудын хааны ордонд эргэлт хийснээр Наефийн угсаа залгамжлах эрхийг булааж авсан юм.

Энэ явдлын дараа Жабри эх орноосоо дүрвэж, Канадад цагаачилсан байна. Тэр ханхүү Мухаммед Бин Салмантай холбоотой нууц баримтуудыг мэддэг байсан нь хил дамнасан аллагын бай болох шалтаг болжээ.

2018 оны аравдугаар сард жуулчны визээр тус тусдаа ирсэн алуурчдыг Канадын аюулаас хамгаалах албаныхан илрүүлж, хил дээрээс буцааснаар ажиллагаа бүтэлгүйтэж байсныг шүүхийн баримт бичигт өгүүлсэн байна.

Алуурчдын баг нь ханхүү Мухаммед Бин Салманы шууд удирдлагад байдаг ба “Tiger Squad” гэж нэрлэгддэг гэнэ. Тэд аллагын ул мөрийг арилгах тусгай багаж, бодис бүхий хоёр цүнхийг байнга авч явдаг ажээ.

Канад руу алуурчдыг илгээхээс хоёр долоо хоногийн өмнө ханхүүг шүүмжлэгчдийн нэг сэтгүүлч Жамал Хашогги Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт ороод сураггүй болсон юм.

Түүний цогцсыг мөчилж, ор мөргүй устгасан гэж Туркийн албаныхан таамагладаг.

АНУ-ын Тагнуулын Төв Газар тухайн үед сэтгүүлчийн аллагыг ханхүү захиалсан байх өндөр магадлалтай гэсэн дүгнэлт гаргаж байв.

Канадад дүрвэсэн Жабригийн ах болон насанд хүрсэн хоёр хүүхэд одоо Саудын Арабт барьцаанд байгааг шүүхийн баримт бичигт дурджээ.

Тэрбээр Канадын шүүхэд хандалгүй Америкийн шүүхэд хандсан нь түүнийг устгах нууц ажиллагаанд АНУ-ын талаас хэн нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлсэн гэж сэжиглэж байгаатай нь холбоотой гэнэ.

 

Эх сурвалж: Reuters