Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нярай хүүхэд тэврээд гарцаар гарч байсан эмэгтэйг мөргөж гэмтээжээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нярай хүүхэд тэврээд гарцаар гарч байсан 58 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол энэ Лхагва гарагт гарчээ.

Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбатаас тодруулахад "БГД-ийн нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн хойд талын явган зорчигчийн гарцаар зам хөндлөн гарч байсан 58 настай эмэгтэйг приус 10 маркийн автомашинтай жолооч мөргөж, гэмтээсэн осол гарсан. Тухайн эмэгтэй өөрийн ач/зээ/ есөн хоногтой нярайг тэврээд зам хөндлөн гарч байсан бөгөөд нярай болон эмээ нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Осол гаргасан жолоочийн хувьд өөдөөс нь "нар гялбасан учраас нарны хаалтаа буулгах хооронд мөргөчихлөө" гэсэн тайлбар хэлж байгаа.

Осол өдрийн цагаар гарсан бөгөөд тухайн гарцын хоёр талд хурд сааруулагчтай, босоо мэдээлэх самбартай байхад ийм хэрэг гарсан нь жолооч ямар хариуцлагагүй замын хөдөлгөөнд оролцож байсныг харуулж байна" хэмээв.

Мөн тэрбээр хичээл сургууль эхлэх дөхөж байгаа энэ үед явган зорчигчийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, эцэг эхчүүд бага насны хүүхдээ дагуулан гадуур их явдаг. Үүнийг дагаад хүүхэд осолд орох, гэмтэх, цаашлаад амь насаа алдах эрсдэл гардаг тул анхаарал болгоомжтой байхыг жолооч нар, эцэг эхчүүдэд анхаарууллаа.

2019 онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 45 хүүхэд амь эрсэдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар 38 хүүхэд амь насаа алдсан байна.

Ганцхан жилд бүхэл бүтэн нэг анги байж болохоор тооны хүүхдийг ослоор алдаад байна гэдэг маш харамсалтай. Энэ оны хувьд амь насаа алдсан хүүхдийн тоо бараг бүтэн жилийнхтэй дүйгээд байгаа нь зайлшгүй анхаарах асуудал болсныг мөн хэлсэн юм.