Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим, CEO Клуб: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2020 оны 8 сарын 7
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим, CEO Клуб нь бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ дагуу анхан шатны шүүхээс манай үүсгэн байгуулагч, гишүүн байгууллагуудын хооронд хийгдсэн бизнесийн хэлцлийг улстөрчдийн хэрэгт хамаатуулан дүгнэлт гаргаж, бизнесийн нэр төрд нь халдаж байгааг буруушааж, эл мэдэгдлийг хүргүүлж байна.

Монгол Улс хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлтэй, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд 30 гаруй жил боллоо. Өнгөрсөн хугацаанд манай эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа, улсын төсөв санхүү, нийгмийн хөгжил бүгд хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, хөрөнгө оруулагчдын итгэл, зүтгэл, шударгаар өрсөлдөх боломжийг олгодог төр засгийн тогтвортой, тууштай бодлогын харилцан шүтэлцээ, тэнцвэр дээр тогтдог гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болсон билээ.

Харамсалтай нь компаниуд Монгол Улсын хуулийн хүрээнд бие даасан шийдвэр гарган хэлэлцээр хийж, бизнесийн гэрээ байгуулан хамтран ажилласныг буруутган, үүнийг бизнесийн ердийн үйл ажиллагаанд огт хамааралгүй улс төрчдийн харилцаатай хольж хутган нийгэмд томоохон компаниудын нэр хүндийг унагаан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн бие даан ажиллах эрхэд нь халдаж байгааг хувийн хэвшлийн төлөөлөл бид дуу нэгтэйгээр эсэргүүцэж байна.

Монгол Улсын эдийн засгийн дархлааг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүйн тунгалаг, шударга орчныг бүрдүүлэх ажилд манай гишүүд, хувийн хэвшлийнхэн идэвхтэй байр сууринаас оролцоход бэлэн байгаа бөгөөд төр ба хувийн хэвшлийн хэлцэл хийх механизмыг бататган байнгын ажиллагаатай болгох саналыг хүргүүлж байна.  

Баялаг бүтээгч, татвар төлөгч, ажил олгогч, Монгол Улсын нийгмийн хөгжлийн хөдөлгүүр, эдийн засгийн өрсөлдөх чадварыг тодорхойлогч гол хүчин болох бизнес эрхлэгчид болон компаниудын нэр хүнд, тэдгээрийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллахыг төр засгийн удирдлагууддаа уриалж байна.

Хууль иргэн бүрт тэгш үйлчилж, шүүх шударга үнэнийг тогтоодог гэдэг итгэл үнэмшил нийгэмд бат бэх оршиж байж бид нийтээрээ илүү хурдтай өсөн дэвжиж, баян чинээлэг иргэдтэй, хөгжилтэй улсын жишигт хүрэх болно гэдэгт бид гүнээ итгэж байна.

Улаанбаатар хотын Худалдааны танхим СЕО клуб

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.