Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны эргэлт 16.7% буурчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхний долоон сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 тэрбум ам.доллар болж, 2019 оны мөн үеэс 1.4 тэрбум доллар буюу 16.7 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 846.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн ерөнхий газар танилцууллаа. 

Экспорт 17%-аар буурчээ

Экспортод эхний долоон сард 3.8 тэрбум долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан байна. 

Экспортод нийлүүлсэн барааны 99.4%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлсэн ба нийт үнийн дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 2467.4 сая ам.доллар буюу 65.1%
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 1081.4 сая ам.доллар буюу 28.5%
  • арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 5.9 сая ам. доллар буюу 0.2%
  • нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 144.4 сая ам.доллар буюу 3.8 хувийг тус тус эзэлж, 

эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.6 хувийг эзэлсэн байна.  
         
2020 оны эхний 7 сард экспортолсон 

  • боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100%, чулуун нүүрсний 96.3 хувийг БНХАУ-д;
  • жоншны 75.5 хувийг БНХАУ-д, 24.1 хувийг ОХУ-д; 
  • үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д;
  • самнасан ноолуурын 81.5 хувийг Италид; 
  • ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, 
  • боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 4.9 хувийг Их Британид, 5.8 хувийг Сингапурт, 89.3 хувийг Швейцарт тус тус экспортолж, дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92.8 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортолсноос 

  • БНХАУ-д 68%
  • Швейцарт 25.7%
  • Их Британид 2%
  • Сингапурт 2% тус тус ногдож, нийт экспортын  97.7 хувийг дээрх орнууд эзэлжээ.