Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мянганы хөгжлийн зорилтыг хэрхэн биелүүлснээ тайлагнана

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголчууд хоёр жилийн дараа Мянганы хөгжлийн зорилтыг хэрхэн биелүүлснээ НҮБ-д тайлагнана. Үүний хүрээнд хийсэн ажлуудын талаар ЭМЯ-наас мэдээллээ. Хоол тэжээлийн дутагдалтай хүн амын тоо, эх хүүхдийн эндэгдэл, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчлөлийн бууруулах гээд хийсэн ажлуудаа тайлагнах аж.

Хоол тэжээлийн дутагдалтай хүн амын тоог буурсан

Хоол тэжээлийн дутагдалтай хүн амыг тоог 1990 онтой харьцуулахад 2015 онд зургаа дахин бууруулна гэсэн зорилтыг манай улс биелэх боломжтой хэмээн тооцож байна.

Хоол тэжээлийн дутагдлыг тураал буюу хоол тэжээлийн хурц дутагдлаас үүдэлтэй биеийн жингийн алдагдал, өсөлтийн хоцролт буюу хоол тэжээлийн архаг дутагдлаас үүдэлтэй тухайн насандаа намхан тав хүртэлх насны хүүхдийн хувиар үзүүлэлтийг хэмждэг аж.

Тав хүртэлх насны тураалтай хүүхдийн эзлэх хувь:

  • 2000 онд 11.6 хувь
  • 2005 онд 5.3 хувь
  • 2010 онд 3.3 хувь болж буурчээ.

Хүүхдийн эндэгдлийг бууруулжээ

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 2015 он гэхэд 1990 оныхоос дөрөв дахин бууруулна гэсэн зорилт бүрэн биелсэн байна. 

Хүүхдийн осол гэмтэл, орон нутаг дахь эмч мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, ур чадварын түвшин дутмаг, гэр бүл эцэг, эхийн хүүхэд асрах дадал, зуршил хангалтгүй, дэд бүтэц болон төвөөс алслагдсан байрлал зэрэг нь хөдөөд хүүхдийн эндэгдэл ихсэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйл болдог аж.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр “Энэ бол эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм” гэж дүгнэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн НҮБ-ын ерөнхий ассемблейн хуралдаанаас “Монгол Улсыг Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд асар их ахиц дэвшил гаргасан гэж дүгнэсэн” гэж ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Соёлгэрэл хэлж байна. 

Эхийн эндэгдлийг дөрөв дахин бууруулна

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд дөрөв дахин бууруулах зорилтыг манай улс биелэх боломжтой гэж үзжээ.

Эхийн эндэгдэл 1993 онд хамгийн дээд буюу 100.000 амьд төрөлтөд 259-д хүрсэн байна. Харин 1997 онд 143.5 болтлоо буурчээ.

Монгол Улсад эхийн эндэгдлийн түвшиг бууруулах хоёр удаагийн стратегийг 2001-2010 онд хэрэгжүүлснээр 2001-2006 онд эхийн эндэгдэл эрчимтэй буурсан аж. Засгийн газраас эхийн эндэгдлийг бууруулах стратегийн хамрах хүрээг өргөжүүлж, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн стратеги (2011-2015)”-ийг батлан, хэрэгжүүлж байна. Уг стратеги нь эхийн эндэгдлийг бууруулах зорилтыг 2015 он гэхэд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байгаа юм.

2015 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо Монгол Улс ард түмэндээ төдийгүй дэлхий нийт, НҮБ-д тайлагнахад боломжтой төвшинд ажиллаж байна гэж ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал үзэж байна. 

 ХДХВ-ийн халдварын тархалт 0.1 хувиас бага түвшинд байна

2015 он гэхэд ХДХВ, ДОХ өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх зорилт хэрхэн хэрэгжиж байна вэ. Сүүлийн жилүүдэд энэхүү халдварт өвчний тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Гэхдээ манай улс ХДХВ-ийн тархалт багатай оронд тооцогддог. Өнөөгийн байдлаар Монгол Улсад ХДХВ-ийн халдвар насанд хүрэгчдийн дунд 0.1 хувиас бага тархсан бөгөөд ХДХВ-ийн халдвартай 149 хүн байна.

ХДХВ-ийн нийт тохиолдлын 98 орчим хувь нь бэлгийн замаар дамжин халдвар (БЗДХ) авсан бөгөөд ХДХВ-ийн халдвартай нийт тохиолдлын 81 хувийг эрэгтэйчүүд эзэлж, тэдгээрийн дийлэнх нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд бол ХДХВ-ийн халдвартай нийт эмэгтэйчүүдийн тал орчим хувийг биеэ үнэлэгчид эзэлж байна. 

Монгол Улс жирэмсэн эмэгтэйчүүд болон 15-24 насны залуучуудын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг 0.1 хувиас бага түвшинд барих зорилтоо хэрэгжүүлж чадсан гэнэ.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамын хэлснээр 2011 оны тандалтын судалгаагаар эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар нийт хүн амаас өндөр буюу 7.5 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, манай улс нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын төвшин бага боловч эрсдэлт бүлгийнхний дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байгаа аж. 

Сүрьеэгийн тархалтыг бууруулсан

 

2015 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах зорилтын хүрээнд нэмэлт арга хэмжээ авснаар биелэх боломжтой гэсэн ангилалд багтжээ. Өөрөөр хэлбэл, бусад зорилттой харьцуулахад хамгийн сул үзүүлэлттэй байгаа нь сүрьеэ өвчин юм.

Монгол Улсад сүрьеэ өвний эмчилгээ үнэ төлбөргүй бөгөөд сүүлийн жилүүдэд сүрьеэгийн тархалт болон өвчлөлийг бууруулах чиглэлээр нилээд ахиц дэвшил гарчээ.

Сүрьеэгийн тархалт,

  • 1990 онд 100.000 хүн амд 435
  • 1997 он гэхэд 68 болж эрчимтэй буурсан аж.

1997 оноос хойш сүрьеэгийн тархалтыг зорилтот түвшин буюу 100.000 хүн амд 82-оос бага түвшинд барьж чадсан. Гэвч 2004-2006 онд энэхүү түвшнээс ялимгүй их гарч байжээ. 2012 оныг 1990 онтой харьцуулахад сүрьеэгийн тархалт бүх аймагт буурсан байна. 

Сүрьеэтэй өвчтөнүүдийн 69 хувийг 16-44 насны хүмүүс, үүнээс 56 хувийг нь эрэгтэйчүүд, 44 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг аж. Сүрьеэ бол нийгмийн эмзэг хэсэг орлого багатай ядуу хүн амын дунд голдуу тохиолддог, Сүрьеэтэй өвчтөнүүдийн тэн хагас нь ажилгүй, 70 хувь нь ядуу, нэн ядуу иргэд байгаа аж.  

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тархвар судлаач Д.Наранзул ”Жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүний 56 хувь нь Улаанбаатар хотынх. Нөгөө талаас жил бүр бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын 40 гаруй хувь нь ажилгүй иргэд бол 11 хувь нь оюутан, 4.3 хувь нь сурагчдын өвчлөл эзэлж байна” гэсэн юм.