Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНАСАУ-д коронавирусийн нэг ч халдвар бүртгэгдээгүй талаараа ДЭМБ-д мэдэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлыг танилцуулав.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд нийт 253,700 гаруй тохиолдол, 5,999 нас баралт шинээр бүртгэгджээ.

Долдугаар сарын 30-ны өдөр:

  • АНУ-д 65,900 гаруй, 
  • Бразил улсад 57,800 гаруй, 
  • БНЭУ-д 52,100 гаруй,
  • ОХУ-д 5,509 тохиолдол 129 нас баралт бүртгэгдсэн байна.

​Харин БНАСАУ-д коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн нь үгүйсгэгдсэн байна. Тус улсын зүгээс шинэ коронавирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй талаар ДЭМБ-д мэдээлжээ.

Номхон далайн баруун бүсийн улс, орнууд

Австралийн холбооны улсад өчигдөр 747 бүртгэгдсэн. Үүний 723 нь дангаараа Виктория мужид бүртгэгдсэн байна. Тус улсад одоогоор 5,609 хүн идэвхтэй халдвартай байгаагаас 330 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 40 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Япон улсад өчигдөр 1,301 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар Япон улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 34,600 гаруй болсноос 1,007 хүн эндсэн нь нийт тохиолдлын хоёр хувийг эзэлж байна.

БНСУ-д өчигдөр 36 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Шинэ тохиолдлуудын 22 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 14 нь дотоодын халдвар байжээ.

БНХАУ-ын эх газарт өчигдөр 127 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 123 нь хүн амын дундах дотоодын халдвар байсан аж. Тэдгээрийн 112 нь Шинжаан Уйгурт бүртгэгдсэн байна.

Пүрэв гарагийн байдлаар Шинжаан Уйгурт батлагдсан коронавирусийн тохиолдол 530-д хүрчээ. Мөн Бээжин хотын Шиньфади хүнсний захын халдварын голомтоос өвчилсөн 335 хүнээс 326 нь эдгэрээд байгаа юм.

Хонг Конгт 149 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 145 нь дотоодын халдвар байсан байна. Тус бүсэд нийт 3,151 тохиолдол бүртгэгдэж, 25 нь эндээд буй.

Халдварын тархалтыг хумих үүднээс Хонг Конгийн Засаг захиргаа ресторанд хооллохыг бүрэн хориглох шийдвэр гаргаад байсан. Гэвч иргэд болон бизнес эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсны улмаас дээрх шийдвэрийг цуцалжээ. Харин ресторанд нэг ширээнд 2-оос илүү хүн суулгахгүй байх, зай талбайн тал хувийг ашиглах, цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шинэ зөвлөмжүүд гаргаж мөрдүүлэхээр болсон байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1568928079939456

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.