Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Должинсүрэн: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар гэнэтийн ДУУ ЦАХИЛГААНТАЙ, УСАРХАГ БОРОО орно

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон үер усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ, УЦУОШГ-аас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/277460610179205/

"Баяр наадмын өдрүүдэд дунджаар 10 хүн гол усанд амь насаа алддаг"

ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "2020 оны эхний хагас жилийн байдлаар үер устай холбоотой ослын улмаас 39 хүн эндээд байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд найман хүн, тэр дундаа хоёр хүүхэд эндлээ.

Мөн түр зуурын усархаг борооны улмаас авто болон төмөр зам эвдэрч сүйдсэн тохиолдлууд гарсан.

Сүүлийн гурван жилийн статистик дүнг харвал, баяр наадмын өдрүүдээр дунджаар 10 орчим хүн гол усанд амь насаа алдаж байгаа. Энэ жилийн наадмын хувьд иргэд хөдөөг зорих нь их байх болов уу. Тиймээс аян замдаа болгоомжтой явж, бие биедээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Баярын үеэр гол, усанд амь насаа алдаж байгаа тохиолдлын дийлэнх нь Улаанбаатар хотод буюу Туул голд байгаа. Усны осолд өртөж амь насаа алдаж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь эрчүүд, насны хувьд 50 хувь нь 18-30 насныхан байгаа" гэв.

"Хөрс чийгтэй үед, агаарын температур нэмэгдэх нь гэнэтийн хүчтэй аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг"

ЦУОШГ-ын инженер М.Должинсүрэн "Долдугаар сар бол манай орны хамгийн их хур бороотой байдаг сар. Энэ жилийн хувьд ч гэсэн гэнэтийн усархаг бороо олон орж байна. Өнгөрсөн хоногт гэхэд Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэд усархаг бороо орлоо. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараад аянга буусан.

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулбал,

  • 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний усархаг бороо,
  • 11-12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи 10-нд говийн бүс нутгаар, 11, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Ер нь ихэнх нутгаар гэнэтийн дуу цахилгаантай, усархаг бороонууд орохоор байгаа. Газрын хөрс чийгтэй үед, агаарын температур нэмэгдэх нь гэнэтийн хүчтэй аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг учраас гэнэтийн аадар борооны эрсдэл өндөр байна" гэв.

Амралт зугаалгын улирал эхэлсэн, баяр наадмын амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.