Нийслэлд өчигдөр орой хүнд даацын машин 13 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад "2020 оны 7 дугаар сарын 8-н буюу өчигдөр орой 23:20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам, Сургуулийн 14 дүгээр гудамжны урд замд HOVO маркийн миксер Мицубиши пажеро, 7 ширхэг Тоёота приус, Ниссан дацуй, Хонда инсайт, Старекс, Ланд круйзер 80 машинуудтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.
HOVO маркийн миксер нь 10 тоннын зуурмаг ачих даацтай. Осол гарах үед 8 тоннын зуурмагтай явж байсан нь тогтоогдсон.
Одоогийн байдлаар ослын улмаас таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн.
Мөн ослын үеэр гурван айлын хашаа дайрсан байна.
Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!