Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр ашиглалтад орж буй эмнэлэг жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан зэрэг холбогдох албаны хүмүүс оролцов.

Шууд үзэх:
https://www.facebook.com/Officialnews.UB/videos/195505848555218/

2010 оноос хойш зогсонги байдалд ороод байсан энэхүү эмнэлгийн барилгыг 2018 оны тавдугаар сараас эхлүүлж, 2020 оны долдугаар сарын 6-нд ийнхүү ашиглалтад оруулж байна. 

Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок, найман давхар юм. 

Жилд 10-12 мянган эхийг амаржуулж, 5,000-6,000 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд жилд нийт 120 мянган эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. 

Түүнчлэн 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, эмчилгээ үйлчилгээний 22 тасагтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 17 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөжээ.

"30 гаруй жилийн дараа хоёр том эмнэлгээ хүлээн авлаа"

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "30 гаруй жилийн дараа хоёр дахь том эмнэлгээ хүлээн авлаа. 2010 онд суурийг нь тавиад хөрөнгө мөнгөгүй хэмээн зогсоод байсан барилгыг Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, 2018 онд санхүүжилтийг бүрэн олгосон.

Нийт 38-39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, 34,800 м.кв талбайтай. Монгол Улсын хоёр дахь том эмнэлэг юм. Монголын эрүүл мэндийн салбар болон нийслэл хотод хийсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Мөн энэ эмнэлгийн урд хэсэгт ахмадуудад зориулсан эмнэлгийг барина" гэв.

Д.Сарангэрэл: Эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд цогц тусламж үйлчилгээг үзүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Аливаа улсын хөгжил, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг эх, хүүхдийн эрүүл мэндээр нь авч үздэг. 2019 онд манай эрүүл мэндийн ажилтнууд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж чадсан. Гэвч энэ салбарт төрийн онцгойлон анхаарах шаардлага бий. Улсын хүн ам хоёр сая байхад байгуулсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүн амын тоо 3.2 сая болсноор үнэхээр хүрэлцэхгүй байгаа. Тэгвэл хоёр дахь төвийг Монгол Улсын Засгийн газар 10 жилийн дараа байгууллаа.

Энэ нь зөвхөн эхийг төрүүлж, нялхасыг эмчилдэг газар биш. Эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд цогц үйлчилгээг үзүүлнэ" хэмээв.