Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шинээр бүрэлдсэн парламентын Анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж, гишүүд тангараг өргөн, УИХ-ын даргыг сонголоо. 

УИХ-ын даргаар улиран сонгогдсон Г.Занданшатар Анхдугаар чуулган маргааш буюу долоодугаар сарын 1-ний 15:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахыг гишүүдэд зарлалаа. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх гэсэн байна.  


Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу "Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" гэжээ. 

Ерөнхий сайдыг УИХ-аас сонгосны дараа Ерөнхий сайд ямар ямар яамтай байх, хэдэн сайдтай байх талаарх саналаа хууль хэлбэрээр танилцуулна. Ингэхдээ Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" хэмээн заажээ.

Засгийн газар ямар ямар яамтай, хэдэн сайдтай байх талаарх хуулийг УИХ-аас баталсны дараа Ерөнхий сайд хэн, хэнийг Засгийн газрын гишүүнээр томилохоо өөрөө шийднэ.

Ингэхдээ Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" гэжээ. 

Ийнхүү УИХ-ын дэд дарга, бүлэг, байнгын хороодын дарга, дэд дарга нар болон Ерөнхий сайдыг томилсноор Анхдугаар чуулган өндөрлөх юм. Харин Засгийн газрын гишүүдийг томилох асуудал дээр ойлголцоход хугацаа шаардлагатай бол Анхдугаар чуулганыг завсарлуулж Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой юм байна. 

Маргаашийн хуралдаанаар бүлэг, байнгын хороодын дарга, дэд дарга нарыг сонгох бол энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэх ажээ.