Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьсан.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм.
2013 оны 10 дугаар сараас эхлэн “Халла” групп хотын захиргааны цогцолборын барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулан санал авсан байна.
“Халла” группын архитекторын танилцуулснаар хотын захиргааны шинэ цогцолборын барилгыг 50 400 метр квадрат талбайд барихаар төлөвсөн байна.
Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж боловсруулсан бөгөөд НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилгад, урд хэсэгт нь НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын барилга байхаар зураг төслийг гаргажээ.
Харин энэхүү 2 барилгын дунд хэсэгт нийслэлийн Иргэд хүлээн авах төв болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх газруудыг байрлуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалах, халамжлах гэсэн утга агуулгыг илэрхийлж байгаа юм байна.
Хотын захиргааны шинэ цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны эх үүсвэрийг шийдэхээр тооцоолж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!