Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Насанд хүрэгчдийн болон хүүхдийн яаралтай тусламжийн байршлуудыг салгаж, урсгал, хөдөлгөөнийг сийрүүлсэн

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал, хурандаа Л.Баттөр коронавируст халдварын эсрэг бэлэн байдал хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг(ТТАХНЭ) нь төрийн тусгай албан хаагчид, тэдний гэр бүл, аав ээж, 0-16 насны хүүхэд, мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс засал, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.  

Тэрбээр "Төрийн тусгай албан хаагчид болох хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал, гаалийн ажилчид гэх мэт алба хаагчдаас гадна эрүүл мэндийн байгууллагын ажилчид нь хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Дотоодод халдвар тархаагүй энэ цаг үед эдгээр төрийн тусгай албан хаагчид нь тусгай үүргийн онгоцоор ирж буй, тусгаарлалт,  ажиглалтад байгаа, хил гаалиар нэвтэрч буй иргэдтэй шууд харьцан үйлчилдэг, аливаа халдварт өртөх өндөр эрсдэлтэй бөгөөд ТТАХНЭ-т үзүүлэх магадлал өндөртэй тул халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллах тал дээр анхаарч ажиллаж байна. 

Коронавируст халдварын үед Цэргийн төв эмнэлэг тусгаарлах, ажиглах чиг үүрэгтэй ажиллаж байгаа тул гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Цэргийн төв хүрээний үйлчлэх хүрээний зарим иргэн буюу Зэвсэгт хүчний хугацаат, гэрээт цэргийн алба хаагчид, сонгогч нарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ бид үзүүлж байна. 

Мөн ЭМ-ийн сайдын тушаалын дагуу Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт шаардлагатай тохиолдолд тусгаарлалт, ажиглалт хийгдсэн үед эдгээр үйлчлэх хүрээний иргэдэд мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  

Эрүүл мэндийн байгууллагуудад авч хэрэгжүүлж буй ажлуудын нэгэн адил эмнэлгийн урсгал хөдөлгөөнийг сийрүүлэх, эргэлтийн цагийг богиносгох, эргэлтээр хоол, хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хязгаарлан ажиллаж байна. 

Мөн эмчлүүлэгчдээс гадна хүнд өвчтөнүүдийн сахиурт хоол олгох ажлыг шийдвэрлэсэн. 

Насанд хүрэгчдийн болон хүүхдийн яаралтай тусламжийн байршлуудыг салгаж, яаралтай тусламжийн урсгалыг сийрүүлэн, халдвараас сэргийлэх гол арга болох гар угаах, халдваргүйжүүлэх боломжийг бүрдүүлж, халуун тогтмол хэмжиж, амны хаалт зүүсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг ажил тогтмолжиж байна. 

Яаралтай тусламж болон хэвтэн эмчлүүлэгчид, амбулаторийн кабинетүүдийн бэлэн байдлыг хангаж, амны хаалт нэг удаагийн нөмрөг, хамгаалах хувцас хэрэгсэл шаардлагатай тоног төхөөрөмж ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг тодотгож, хангалт хийн ажиллаж байна" гэлээ. 

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/252483752718183/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.