Ням гарагийн шөнө Штутгарт хотын төвд эмх замбараагүй байдал үүссэн нь Германы нийгмийг цочроосон байна.
Хотын төв талбайд зугаалж байсан хэдэн зуун хүн цагдаа нарын эсрэг довтолж, дэлгүүрүүдийг тонон дээрэмджээ.
Үймээний үеэр 20 гаруй хүн баривчлагдсаны хагас нь герман үндэстнүүд, үлдсэн нь Хорват, Португал, Афганистан, Сомали зэрэг улсуудаас ирсэн цагаачид байсан гэнэ.
“Болсон үйл явдлыг хараад надад хэлэх үг олдохгүй байна. Би цагдаагийн албанд 46 жил ажиллахдаа ийм зүйл үзсэнгүй” гэж Штутгарт хотын цагдаагийн газрын дарга Франк Луц мэдэгджээ.
Шөнө дунд өнгөрч байхад цагдаа нар хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 17 настай герман залууг шалгах үеэр үймээн дэгдсэн байна.
Тухайн үед хотын төв талбай Шлоссплацад олон хүн цугларсан байсны нэг хэсэг нь залууг шалгуулахыг эсэргүүцэн цагдаа нар руу довтолжээ.
Нийтдээ 400-500 хүн цагдаагийн хүчтэй мөргөлдөж, удалгүй олон жижиг хэсэг болж хуваагдан хотын төвийн дэлгүүрүүдийг тонож эхэлсэн байна.
Сошиал сүлжээнд хоосорсон үнэт эдлэлийн дэлгүүрийн лангуу, гар утасны дэлгүүрүүдийн зураг дүрснүүд таржээ. Нийтдээ есөн дэлгүүрийг тонож, 14 дэлгүүрийн цонхыг хагалсан байна.
Цагдаа нар үймээнийг зогсоож дийлэхгүй болсон тул мужийн бусад хэсгээс нэмэлт хүч дуудсанаар дөрвөн цаг хагасын дараа дэг журам тогтоожээ.
Газар дээрх нөхцөл байдлыг “иргэний дайн шиг” гэж орон нутгийн хууль тогтоох байгууллагын төлөөлөгч, социал демократ улс төрч Саша Биндер мэдээлсэн байна.
Коронавирусийн хорио цээрийн улмаас Штутгарт хотын шөнийн цэнгээний газрууд хаалттай байгаа. Тиймээс иргэд зуны үдшийг зугаацаж өнгөрүүлэхээр төв талбайд олноор цугларч, зарим нь согтууруулах ундаа хэрэглэснээс ийм явдал болсон гэж Штутгарт хотын захирагч Фриц Кюн тайлбарлажээ.
Харин үймээний цаана ямар нэг улс төрийн агуулга байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!