Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гээгдсэн бээлийнд донтсон япон эр

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Токио хотын оршин суугч Кожи Иший нь гудамж талбай, олон нийтийн газраас хүмүүсийн гээсэн бээлийг олж, баримтжуулах ер бусын хоббитой болсон хүн юм.

Одоо 39 настай тэрбээр 15 жилийн өмнөөс эхлэн хаягдсан бээлийний зургийг камераар буулгаж, хаана, хэзээ олсноо баримтжуулж хадгалах болжээ.

Гэхдээ тэр бээлийнд хүрдэггүй, зөвхөн зургийг нь авдаг байна. Иший энэ өвөрмөц хоббигоо нэг төрлийн хараал гэж боддог гэнэ.

“Би үргэлж хаа нэгтээ хаягдсан бээлийг анзааралгүй өнгөрчих вий гэж айж явдаг. Тиймээс үүнийг нэг төрлийн хараал гэж болно” гэж тэр ярьжээ.

 

Дэлхий дээр Иший ганцаараа ийм сонирхолгүй бололтой. Тухайлбал хаяж гээсэн бээлийний зураг нийтэлдэг “Long Lost Gloves”, “Lost Gloves Sightings” зэрэг Инстаграм хуудаснууд байдаг ажээ.

Иший 2004 онд анх гудамжинд хэвтэж байсан ажлын шар бээлийг олоод гар утасны камераар зургийг нь авснаар бүх зүйл эхэлсэн байна. “Би тэр үед аянганд ниргүүлсэн мэт мэдрэмж авсан” гэж тэр дурссан юм.

Тэр цагаас хойш Иший 5,000 орчим хаягдсан бээлийний зургийг буулгаж, баримтжуулжээ.

Тэрбээр ресторанд ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар энэ бүгдийг амжуулсан байна.

Бээлийг ямар хүн өмсөж байгаад яаж гээсэн бол, хэр удаан гудамжинд хэвтсэн бол гэж ургуулан төсөөлөх нь Ишийгийн хувьд хамгийн их таашаал өгдөг гэнэ.

Сүүлийн үед коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хүмүүс гадуур явахдаа бээлий их өмсөх болсныг тэр ажигласан байна. 2020 оны зун өвлийн улирлынх шиг олон бээлий олж магадгүй байгаагаа тэр ярьжээ.

Иший автобусны цонхоор гээгдсэн бээлий олж харвал хүрэх ёстой газраасаа наана буудаг.

Эхнэр, охин хоёр нь түүний хоббиг ойлгодог болж, заримдаа хаана бээлий хэвтэж байгааг зааж өгдөг болсон гэнэ. “Дэлхийн хаа нэгтээ надтай адил сонирхолтой хүн байгаа гэдэгт би итгэдэг. Хэзээ нэг өдөр тэдэнтэй уулзвал би энэ уулзалтаа G7 (Их Долоо) буюу Glove Seven гэж нэрлэнэ” гэж Иший ярьжээ.

 

Эх сурвалж: AFP