Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдсайхан: Нэг биш хэдэн зуун хүүхдэд мэс засал хийж, эрүүл болгомоор байна. Та бүхэн туслаач

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог гажгуудын нэг нь зүрхний төрөлхийн гажиг юм.

100 хүүхэд тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг гэх статистик байна. Манай улсад жилд дунджаар 1,000 орчим ийм оноштой хүүхэд төрдөг бөгөөд 200-300 нь мэс засал хийлгэх шаардлагатай байдаг.

Бусад өвчинтэй харьцуулахад зөв цагтаа мэс засал хийлгэж чадвал бүрэн эдгэрдэг энэ өвчний мэс заслыг Монголдоо амжилттай хийж буй "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс "Зүрх мартахгүй" төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлснээ танилцууллаа. COVID-19 халдварын улмаас гадаад оронд зорчих боломжгүй байгаа, мөн гадаадад хийлгэхэд зардал өндөртэй гэх шалтгаанаар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд эндэхээс сэргийлэх зорилгоор уг төслийг эхлүүлжээ.

"Зүрхний төрөлхийн гажиг засах хагалгаа амжилттай болбол хүүхэд цоо эрүүл болдог"

 

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан "Зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслыг манай баг 20-оод жил хийж байна. Энэ мэс засал гадагшаа явж хийлгэхэд өндөр өртөгтэй байдаг. Мөн гаднаас мэс заслын баг ирж хийдэг байсан ч Америк, Японы багууд ирэхээ болиод 2, 3 жил болж байна. COVID-19 халдвараас шалтгаалаад дараагийн 1-2 жилд мөн гаднын баг ирэхгүй байх, манай иргэд гадагшаа явах боломжгүй болох нөхцөл үүслээ. Тиймээс бид хийх ёстой болж байна.

Эхний судалгаагаар 2,000 орчим хүүхэд хагалгаа хийлгэхээр хүлээгдэж байгаагаас 50 орчим хүүхэд яаралтай буюу хойшлуулшгүйгээр хагалгаанд орох шаардлагатай байгаа. Бид аянаа эхлүүлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд долоон хүүхдэд хагалгаа хийлээ. Бүгд амжилттай болсон.

Гэсэн ч санхүүгийн хүндрэл гарч байгаа учраас өнөөдөр бизнесийн байгууллагууд, ард иргэддээ хандаж байна. Бидний зүгээс хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүдээ үзээд, хоорондоо зөвлөлдөөд хэнд эхлээд хагалгаа хийхийг тогтдог. Ингээд хагалгаанд оруулах болоход зарим иргэн маань санхүүгийн боломжгүй байгаа юм.

Хагалгааны явцад хиймэл уушги, зүрхний аппарат ажиллуулдаг бөгөөд зөвхөн нэг удаагийн хэрэглээний зүйлсийн өртөг л гэхэд 10 орчим сая төгрөг болдог. Үүн дээр нэг хагалгаанд 10 гаруй эмч, дөрвөн баг ордог гээд дунджаар хагалгааны өртөг 15 сая төгрөг болж байгаа.

Нэг биш хэдэн зуун хүүхдэд мэс засал хийж, эрүүл болгомоор байна. Тиймээс "Бидэнд туслаач" гэж бизнесийн байгууллагууд болон ард иргэддээ эхний ээлжинд хандаж байгаа нь энэ. Цаашлаад төр засагтаа энэ мэс заслыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлаар хандана.

Зүрхний төрөлхийн гажиг засах хагалгаа амжилттай болбол хүүхэд цоо эрүүл болдог. Олон нийтийн сүлжээгээр хүүхдийнхээ зургийг тавиад, хандив гуйгаад, гадагшаа хагалгаанд явдаг биш эх орондоо эмчилгээ хийлгэдэг болмоор байна" гэсэн юм.

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн зүрхний мэс заслын баг өнгөрсөн хугацаанд нийт 100 орчим хүүхдэд хагалгаа хийсэн бөгөөд 2020 оны үлдсэн хугацаанд 40 хүүхдэд, 2021 онд 100 орчим хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Үүнд шаардагдах санхүүжилт болох 2020 онд 400 сая, 2021 онд 800 сая орчим төгрөг цуглуулахаар ийнхүү "Зүрх мартахгүй" төслийг санаачлан эхлүүлжээ.

"Гэр бүл, найз нөхөд, хамт олноосоо цугласан мөнгийг ЗҮРХ МАРТАХГҮЙ төсөлд хандивлана"

 

Төслийн албан ёсны нээлт өнөөдөр болж байгаа хэдий ч өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд долоон хүүхдэд амжилттай хагалгаа хийсэн талаар дээр дурдсан. Тэдгээр хүүхдийн зарим нь өөрсдөө хагалгааны зардлаа төлсөн бол заримд нь бизнесийн байгууллагууд тусламж үзүүлсэн байна. Энэ долоо хоногт хагалгаанд орсон нэг настай хоёр ихэр охины хагалгааны зардлыг "Өсөх зоос" компани гаргажээ.

Охидын аав П.Балжинням "Хүүхдүүдээ зүрхний төрөлхийн гажигтай гэдгийг 2019 оны арваннэгдүгээр сард мэдээд олон эмнэлэгт үзүүлсэн. Ингээд хамгийн сүүлд Б.Болдсайхан эмчтэй уулзаж, хүүхдүүдээ үзүүлээд хагалгаанд орохоор шийдсэн. Хоёр хүүхэд маань хоёулаа хагалгаанд орох учраас хэцүү байлаа. Гэтэл "Өсөх зоос" компаниас төлбөрийг нь төлөхөөр болсонд маш их баяртай хүлээж авсан. Тиймээс гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноосоо цугласан мөнгийг "Зүрх мартахгүй" төсөлдөө хандивлаж, дараа дараагийн хагалгаанд орох хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.

Охидод эмнэлгийн хамт олны зүгээс ЭР ЗОРИГИЙН БАТЛАМЖ олгов.

Ихэр охидын хагалгааны нийт зардал 7-8 сая төгрөг буюу нэг хүүхдийнх 3-4 сая төгрөг болжээ. Хүүхэд тус бүрийн онош, биеийн байдлаас хамаараад хагалгааны өртөг өөр өөр болдог байна.

Дотооддоо хамгийн бага зардлаар мэс засалд орох боломжтой

Зүрхний төрөлхийн 90 гаруй гажиг байдгаас 10 орчим нь хамгийн түгээмэл тохиолддог байна. Тус бүрийн хагалгааны зардал өөр өөр гардаг бөгөөд манайд дундаж зардал 10-15 сая төгрөг болдог. Харин манай иргэдийн түгээмэл зорьдог БНХАУ-д 40-60 сая, Туркт 65-80 сая, Тайландад 50-100 сая, БНСУ-д 80-240 сая хүртэл төгрөгийн өртөгтэй байна.

Одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад зүрхний төрөлхийн гажигтай 2,000 орчим хүүхэд байгаа ажээ. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийг эрүүл болгох зорилготой "Зүрх мартахгүй" төсөлд одоогоор "Өсөх зоос" ХХК, "Балапан девелопмент" ХХК, "Улаанбаатар сонгдо" эмнэлгийн ажилчид болон иргэд хандив өгчээ. Түүнчлэн "Голомт" банк, "Энержи ресурс" компани хандив өгөхөө илэрхийлсэн байна. Мөн өнөөдрийн арга хэмжээнд оролцсон “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо таван хүүхдийн мэс заслын зардлыг төлөхөө илэрхийлсэн бол мөнгөө бэлэн бариад ирсэн иргэд ч байсан юм.

 

"Зүрх мартахгүй" төслийг танилцуулах арга хэмжээний төгсгөлд "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан "Зүрхний төрөлхийн гажгийг Монголдоо мэс заслын аргаар эмчлэх боломжтой шүү. Хүүхдээ мэс засалд оруулах шаардлагатай хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байгаа бол манай эмнэлэгт ирж үзүүлээрэй.

Мөн яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийг манай баг руу явуулаарай гэж мэргэжил нэгтнүүдээсээ хүсмээр байна" гэв.