Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Шинжилгээний дүнг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд байгаа 352, тандалтын зорилгоор цуглуулсан 19, ажиглах байранд байгаа 7 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Үүнийг тодруулж хэлбэл, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор 27-нд орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан.

Оюутнууд маань маш их халдвар авсан нь харагдаж байна. Хүний нутагт голдуу нэгдүгээр курсийн 17-20 насны хүүхдүүд маань байгаа. Сургуулийн үйл ажиллагаа зогсоод, дотуур байрнаасаа гарсан нөхцөлд хүүхдүүд байсан. ОХУ-аас ирсэн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа бөгөөд хүнээ зөв сонгож татаж авсан байна. Хүүхдүүдээ эцэг эх, ах дүү нарынх нь дэргэд, эх оронд нь эмчилж байгаа  маань маш сайхан хэрэг боллоо.

Нийт батлагдсан тохиолдол 161 болсноос 43 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 107-ын биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.

"Иргэд маань маш хариуцлагатай байж мэдээллээ нарийн тодорхой өгч байгаа"

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн байгаа. Бид 250 хүн хүлээж авч ажиллах боломжтой.

Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 зорчигчийг гал тэргээр Улаанбаатар авчирсны 21-г нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Ирж тусгаарлагдаж байгаа иргэд маань маш хариуцлагатай байж мэдээллээ нарийн тодорхой өгч байгаа. Хамтарч ажиллах сэтгэл маш өндөр болсон байна. Явцын дунд шинж тэмдэг илрээгүй ч мэдээллээ тогтмол сайн өгч байгаа учраас хамтарч ажиллахад бидэнд урамтай байгаа.

Цаашдаа чартер нислэгээр ирэх иргэдээ маш сайн хянана. Бүх юм хяналтад байгаа гэдгийг хэлмээр байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1136970326689820/

Өмнө нь бүртгэгдсэн COVID-19 халдварын 148 тохиолдол:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрч, 136 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.18:  Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.