Д.Нямхүү: Коронавирусийн тохиолдол нэгээр нэмэгдлээ
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 18-н буюу өчигдөр Монгол Улсад коронавирус халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораториар 104 хүнд шинжилгээ хийж хяналаа.
Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол болон түүнтэй хамт Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 8-нд олон хүнд өвчтэй хүмүүс ирсэн. Эдгээр хүмүүсийг хоёр удаа шинжилж, хянаж үзлээ. Энэ дотор хавдрын оноштой хүмүүс ч ирсэн. Тэдгээр хүмүүсийн бид онцгой анхаарч байгаа. Тэдгээр хүмүүс дунд коронавирус илрээгүй.
Монгол Улс дотроо алдчихсан юм бишүү гэж зарим хүмүүс үймүүлээд байгаа. Бид давхар шинжилгээ хийж байгаа. Эмнэлгүүдэд уушигны хатгалгаагаар өвдсөн улсуудаас сорьц авч шинжилж байгаа. Түүгээр коронавирус илрээгүй.
ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нэг тохиолдлоор нэмэгдлээ.
Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэвч тэр хоёр иргэн ХӨСҮТ-өөс гарч өөр байранд тусгаарлагдах ёстой боловч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 31 тохиолдол:
- 2020.0310: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
