Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 140 боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн.

Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн байна. Орон нутагт байгаа илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д татан авч, эмчлэх ажил зохион байгуулагдаж байгаа.

Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна.

Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдлыг танилцуулбал, хөнгөн нэг, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 байгаа. Эмчилгээнд орсон хүний тоо нэмэгдсэн бөгөөд бэлтгэгдсэн багууд орж ажиллаж байгаа. Тиймээс  эмчилгээний багийнхан орж гарахдаа хамгаалалтын хувцсаа өмсөж тайлдаг шар бүс буюу камерын тоог нэмэгдүүлээ. Мөн мананцар үүсгэдэг кабинтай болохоор захиалга өгөөд байна. Энэ нь хувцасны гадна талд наалдсан вирусийг тодорхой хувиар устгах үүрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээг авч байна. Ер нь ажилтнууддаа халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/655860488595620/

COVID-19 халдварын Монголд батлагдсан тохиолдлууд:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрлээ.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.