"Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо"
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Хоёр хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжлээ
"2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Үүнээс 12 хүн эдгэрсэн. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өндөр настай, элэгний хорт хавдартай хүн коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байгаа.
Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Үүнд 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 283 хүнд нь халдвар илрээгүй.
Шинжилгээний хариунууд:
- Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн 21 жолооч /Алтанбулагийн боомтоор орж ирсэн/
- Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээ
- Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн 3 сорьцод тус тус халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ, тандалт, судалгаа үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Батлагдсан 40 дэх тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд оруулсан
"Өчигдөр илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд оруулсан. Батлагдсан 40 дэх тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласныг" ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэмж хэллээ.
ВИДЕО:
Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 39 тохиолдол
- 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ
- 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
- 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
