"Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ"
Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.22/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
"2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх шинжилгээ хийж тандаж байгаа юм.
Иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе
4 дүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, тэдгээрт шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь цуг сууж явсан гэр бүлийнх нь хүн. Тиймээс олуулаа явж болохгүй гэж сануулаад байгаа. Ойрхон байгаа хүн халдвар авах эрсдэлтэй гэдгийг батлаад байна. Эдийн засгийн хувьд бараа бүтээгдэхүүн зөөх нь зөв. Гэхдээ тэр хүн кабиндаа ганцаараа зөвлөмжөө сайн биелүүлж, ажлаа хийгээд байх бүрэн боломж бий. Зөвлөмжөө мөрдвөл коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой. Харин 23 хүнд нь халдвар илрээгүй. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе. Бээлий өмсөж гараа хамгаалах Уханийн том туршлага бий.
Хамтдаа өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийг даван туулъя, ялья. Амжилттай даван туулж гарсны дараа аялал жуулчлал, мах зэрэг нь үнэд орох цаг ирнэ.
Монголчуудын илүү тал нь цөөхүүлээ, таран байх боломжтой. Хөдөө ах дүүгийндээ очоод хэвтчих зэрэг давуу талтай, хүн ам цөөн маш том талбайтай улс орон юм" гэсэн мэдээллийг өглөө.
Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 34 тохиолдол:
- 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

