"Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ"
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцууллаа.
"Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, бидний хяналтад орлоо. 280 хүнээс илрээгүй. Өчигдөр дөрвөн лабораторид нийт 350 шинжилгээ хийсэн юм. Үүнд ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн лаборатори дээр нэмэгдээд ЗӨСҮТ-д нэг лаборатори нэмэгдэж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Хийгдсэн шинжилгээнүүд:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан - 6
- Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан -2
- Тандалтын 26 сорьцод шинжилгээ хийлээ. /Тандалтад Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс сорьц авсан юм/ Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Дархан-Уул аймгийн лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.
Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн нь ташаа мэдээлэл
Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн буруу ташаа мэдээлэл явуулж хүмүүсийг амраасангүй. Шөнө сайхан амарч хонох нь дархлааг сайжруулдаг. Бид 11:00 цагаас баталгаатай мэдээллээ хуваалцаж, иргэдээ халдварт өвчнөөс хамгаалж өдий хүртэл ажиллаж байхад ташаа мэдээлэл явуулсан. Худал мэдээллийг бие биедээ, өгсөн хүмүүсийг илрүүл.
Энэ тухай тайлбар өгье. Франкфурт явах гэж байгаа хэд, хэдэн хүн шинжилгээ өгсөн. Тухайн иргэнд коронавирусийн эсрэг биет үүссэн. Энэ нь хөнгөн маягаар коронавирусийн халдвар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Эсрэг бие үүслээ гэхэд бид хяналт тавина. Ингээд ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Хаяг нь бэлэн байгаа учраас маш амархан цуглуулаад коронавирус илрүүлэх шинжилгээ хийж хонолоо. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн эмэгтэй байсан. Ирээд 50 гаруй хоночихсон. Энэ хугацаанд 14, 21 хоног дотор шинж тэмдэг илэрдэг дүрэм номын дагуу ямар ч шинж тэмдэг бусдад болон энэ эмэгтэйд илрээгүй. Тиймээс иргэд тайван байгаарай.
Энэ хүнийг ирэх үед БНХАУ, БНСУ, Дэгү, Иран зэрэг 5 оронг тухайн үед ДЭМБ-аас голомтолсон орон гэж зарлаж байсан. Үүнд Бельги улс ороогүй байсан гээд олон талаас нь шүүж үзлээ.
Тиймээс үнэн бодитой мэдээлэл биднийг аварна.
Франц иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа
Хамгийн хүнд өвчлөөд эдгэрсэн Франц иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа. Би өөрөө биечлэн гаргаж өгөөд ирлээ. Монгол Улсын Засгийн газар, иргэдэд маш их талархаж байгаа илэрхийлсэн. Мөн Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа. Монгол Улсаас бүрэн вирусгүй болоод буцаж байгаагаа баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай халз гар барилаа, Маскаа тайлаад тэврэлдлээ. Монгол Улсаас гэр бүлдээ, улсдаа ямар ч аюулгүй болсон гэж очоод сайн сайхан байхыг хүсэн гаргаж өглөө " гэсэн мэдээллийг өглөө.
ВИДЕО:
Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 38 тохиолдол:
- 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ
- 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
- 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

