Д.Нямхүү: Коронавирусийн халдварын тохиолдол 37 боллоо
Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.
Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавируст халдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, тандалт судалгаа хийж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийсэн ба тандалт судалгааны зорилгоор 18 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хамар залгиурын сорьцыг улсын гуравдугаар төв эмнэлэг, Налайх, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн хүмүүсээс авсан.
Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээг хийхэд 13-т нь илрээгүй. Нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 37 боллоо. Үүнээс эдгэрч гарсан найм, ХӨСҮТ-д 29 хүн эмчилгээ, хяналтад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 156 хүн байгаа ба тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Бид бас үүргийн онгоц авах тул бэлтгэл ажлаа нарийн хийж байна. Сэтгэл, бэлтгэл маш чухал” гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид Москвагаас ирсэн 32 оюутныг халдвар авсан байх эрсдэлтэй гээд тусгаарласан. Эдгээр хүүхдийн 20 нь коронавируст халдварын батлагдсан тохиолдол болж бүртгэгдээд байна. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч, гэр бүлийн хүн нь батлагдсан. Тэдгээрийн ойрын хавьтлуудад шинжилгээ хийсэн. Тусгаарлаж, хяналтад авсан нийт 49 хүн бий. Энэ хавьтлуудаас коронавирус илрээгүй сөрөг гарсан бөгөөд бүх хавьтлуудыг хяналтдаа авсан. Долоо хоногийн дараа дахиад давтан шинжилгээ авна" гэв.
ВИДЕО:
Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 35 тохиолдол:
- 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ
- 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
