Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: Нас баралт ОХУ-д 1, Германд 4.5, Бразилд 7, Италид 15 хувьтай байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас мэдээллийн ээлжит хурлаа хийж, шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн дахинд ямар байгаа талаар мэдээлэв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт халдвар ОХУ-д 4 хувиар, Бразилд 6 хувь, АНУ, Их Британид тус бүр нэг хувиар нэмэгдсэн. Нас баралт ОХУ-д 1, Германд 4.5, Бразилд 7, Италид 15 хувьтай байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ихэнх оронд халдварын эхний болон хоёр дахь давалгааны дараагаар халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа. Камбож, Лаос улсад 30 хоногийн турш шинээр халдвар гараагүй. Вьетнамд сүүлийн 7 хоногт халдвар бүртгэгдээгүй. Япон, Малайзад шинэ тохиолдлын тоо буурч байна. Сингапурт гадаад ажилчдын дотуур байрны голомтоос, БНСУ-д шөнийн клубийн голомттой холбоотой халдварын тоо нэмэгдсээр байгаа.

Хүүхдэд COVID-19 халдварын тохиолдол харьцангуй цөөн бүртгэгдэж, хөнгөн явцтай байсан бөгөөд хавсарсан өвчтэй хүнд өвчлөлийн нотолгоо бага байна. Хүүхдэд бүртгэгдсэн 345 тохиолдлоос авч үзэхэд 23 хувь нь астма, зүрх судасны өвчин, дархлаа суларсан гэх мэт хавсарсан эмгэгтэй байв. Саяхнаас Хойд Америк, Европт кавасаки өвчин буюу хордлогот шокийн хам шинжтэй зарим талаараа төстэй олон эрхтэн тогтолцооны хүндрэлтэй хүүхдүүд эмнэлэгт хандах нь нэмэгдсэн. ДЭМБ-аас энэхүү хам шинжийн тохиолдлын тодорхойлолтыг гаргасан.

ДЭМБ Олон улсын олимпын хороотой хамт нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөн, спортыг дэмжих, коронавируст халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ДЭМБ-ын мэдээгээр насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь, хүүхэд, өсвөр насныханы 80 хувь нь идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийдэггүй байна. Шинэ түншлэлийн хүрээнд спорт, эрүүл мэндийн салбар хамтран идэвхтэй хөдөлгөөнийг 15 хувиар нэмэгдүүлнэ.

Сэтгэцийн эрүүл мэнд цар тахлын үед үзүүлж байгаа нөлөө түгшүүр төрүүлж байгаа. Нийгмээс тусгаарлагдах, халдвараас айх, гэр бүлийн гишүүдээ алдах, ажил, орлогогүй болохтой холбоотойгоор стресс нэмэгдэж байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/655860488595620/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.