1996-2016 он хүртэлх УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж үзэхэд сонгуулийн мажоритар тогтолцооноос үүдэн 8-9 аймгийн нийт хүн амтай тэнцэхүйц хэмжээний санал салхинд хийсч байгааг тоон мэдээлэл харуулж байлаа.
Түүнчлэн сонгуулийн насны 10 хүн тутмын 3-4 хүн л нийт сонгогчдыг төлөөлж УИХ-ын гишүүнийг сонгож байжээ.
Зарим тойрогт 5-хан хүний саналын илүүгээр УИХ-ын гишүүд сонгогдож байсан тохиолдол ч байна.
Лийд төгсөгчдийн холбооноос Азийн сантай хамтран Сонгуулийн Дата Хакатоныг энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Залуучуудын сонгуулийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий тус хакатоны гуравдугаар байрын шагналт “HackTion” багийн бүтээлийг бид энэ удаад танилцуулж байна.
Тус баг 48 цагийн дотор нээлттэй датаг цэвэрлэж, вэбсайт хөгжүүлж, фэйсбүүк групп нээж, 50 орчим хөгжилтэй зурган пост буюу “meme” хийж, видео контент бүтээж амжсан юм. Тэд сонгуулийн санал гээгддэг системийг залууст мэдүүлэх, өөрсдийгөө бүрэн төлөөлөх төлөөллийг сонгох хүч байгааг, нэг хүний санал ч нөхцөл байдлыг өөрчилж болдог гэдгийг ойлгуулахыг зорьжээ.
Тиймээс залууст сонгуулийн энэ талаарх мэдлэгийг яаж өгөхөө төлөвлөж, тэдний хэлээр буюу хөгжилтэй meme хэлбэрээр агуулга өгөх “Алив ээ, төмснүүдээ” фэйсбүүк хуудсыг үүсгэсэн байна.
Facebook хуудасны линк https://www.facebook.com/Zaluusongogch/
Түүнчлэн дээрх бүх мэдээллийг нэгтгэсэн “www.Tumsx.mn” хэмээх вэбсайтыг хөгжүүлжээ.
Вэбсайт нь Тоогоор хэлье, Дүрсээр хэлье, Урлагаар хэлье, Ухаарснаа хэлье гэх мэт энгийн, шинэлэг нэршилтэй, ойлгомжтой булангуудтай юм.
ЭНД дарж сайттай дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Багийн гишүүдийн сэтгэгдэл:
Д.Оргил (Багийн “Судлаач” гишүүн)
48 цагийн хугацаанд урьд өмнө нь хэзээ ч харж, уулзаж, ярилцаж байгаагүй, 5 өөр насны, 5 өөр мэргэжлийн, 5 залуу нэг баг болж, нэг асуудал дээр нэгдэж датанд суурилсан бүтээл гаргана гэдэг сонирхолтой, сургамжтай үйл явдал байлаа. УИХ-ын 8 удаагийн ээлжит сонгуулийн ирц, оролцоо, сонгогчдын төлөөлөл болсон болон гээгдсэн саналын тоо гэх мэт датан дээр анализ хийж, залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан бүтээл дээр ажиллах явцдаа багийнхнаасаа, дүү нараас бас их зүйл суралцсан. Шүүмжлэлт сэтгэлгээ өндөр хөгжсөн шинэ үе ирж байгаа, гагцхүү энэ шинэ үеийнхээ нөөцийг зөв газар нь хуваарилж чадвал хөгжил амархан ирэх юм шиг сэтгэгдэлтэй үлдсэн.
О.Нансалмаа (Багийн “Сэтгүүлч” гишүүн)
Үе тэнгийн чадварлаг олон залуугаас суралцаж, бүтээлч сэтгэлгээ шинэ санаагаар уралдсан үнэ цэнтэй хоёр өдрийг дата хакатоны хүрээнд өнгөрүүллээ. Залууст нөлөөлье гэж хичээсний хажуугаар сонгуульд бид яагаад саналаа өгөх ёстойгоо илүү их ойлгож, мэдлэгээ бататгасан, тэр чинээгээрээ хүнд үлгэрлэе гэж урам авсан.
Эдгээр бүх залуу над шиг мэдлэгээ бататгаж, урьд огт бодож үзээгүй олон асуудлыг шинэ өнцгөөс харж, гарц гаргалгааг дотроо эрж байсан болов уу. Хакатоноор зогсохгүй дахиад бид нэгдсэн зохион байгуулалтад орвол сонгуулийн гажуудлын тогтолцоо, ирц оролцоонд хангалттай нөлөөлж чадах юм байна гэдэг гэрэлтэй бодол тээж үлдсэн. Ийм хакатон эсвэл нөлөөллийн ажил дахиад зохион байгуулаасай гэж бодсон шүү. Бас багуудыг зохион байгуулагч талаас хуваарилж өгсөн нь маш зөв, шударга алхам санагдсан. Зарим менторууд, бусад багийн гишүүд манай багийг онцгойлон магтаж итгэл хүлээлгэж байсанд баяртай байна.
Б.Батчимэг (Багийн “Активист” гишүүн)
Хакатоны өмнөх өдрөөс эхлээд бүх зүйл нь нарийн зохион байгуулалттай дэвшилтэт санагдсан. Өөрийгөө хайрцаглагдаагүй, юмыг олон талаас нь хардаг хүн байх гэж боддог байсан би хакатоны эхний өдрөөс эхлээд л олж хараагүй олон өнцгүүд, байр суурийг сонссон. Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага байгаа нь сонгогчид бидэнд хангалттай бодох, анализ хийх хугацаа олгодоггүй, нөгөө талаас нэр дэвшигчид “попрох” нөхцлийг бүрдүүлдэг юм биш үү гээд хальт ярьж өнгөрсөн ярианаас эхлээд шинээр бодох судлах, асуудлын олон зангилааг тэндээс олж авсан. Бас бие биенээсээ суралцахад нас хүйс, байр суурь тийм ч чухал биш хүн бүрт суралцах зүйл байдгийг илүү гүнзгийгээр мэдэрсэн. Манай багийнхны онцлог байсан уу гар нийлж инээлдээд л аз жаргалтай ажилласан. Өө нэмээд нээрээ өөрийгөө контент хийж чадахаар юм байна, шинэ санаа гаргахдаа авьяастай гэдгээ олж мэдсэн.
Д.Эсэн (Багийн “Дата аналист” гишүүн)
Хакатонд оролцсон сэтгэгдлийн хувьд шинэлэг зүйл гэхээс илүүтэйгээр олон нийтэд нээлттэй эх сурвалжийг ашиглаад эсвэл өөрт байгаа цаг хугацааг шахаж байгаад ч хамаагүй юм хийж болдог юм байна шүү гэдэг сэдэл төрүүлэх чухал алхмыг өгсөн гэж хэлж болно. Хакатонд салбар салбарын олон хүмүүстэй танилцсанаас гадна менторуудтайгаа networking хийсэндээ маш их баяртай байгаа.
Г.Хандсүрэн (Багийн “График дизайнер” гишүүн)
Анх дата хакатонд орох болсон шалтгаан нь сонгуулийн талаарх мэдлэгээ ахиулах, олон салбарын хүнтэй танилцах, өөрийгөө ямар түвшинд яваагаа дүгнэх зорилгоор оролцсон. Хакатон дууссаны дараа их олон гоё дурсамжтай, олон хүнтэй танил болж үлдсэн. Зарим ментороос ажлынхаа хажуугаар хийх боломжтой ажлын санал хүртэл ирсэн.
Лийд төгсөгчдийн холбоо